Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” шинэ ном өчигдөр хэвлэлтээс гарлаа.

Уг номонд Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд бичиж тэмдэглэж байсан тэмдэглэлийн дэвтэр дэх шүлэг, яруу найргууд багтсан бөгөөд өөрөө 20-30 хувийг нь бэлдэж эмхэтгэсэн байсныг түүний хүү, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Л.Хасар үргэлжлүүлэн эмхэтгэж дуусгаснаар ийн уншигчдын гарт очиход бэлэн болсон байна.

Тэрээр амьд ахуйдаа уг номоо гаргахаар эмхэтгэж байсан аж.

Их зохиолчийн үр  хүүхдүүд тус шинэ номын нээлтийг ирэх 9 дүгээр сард хийхээр төлөвлөсөн байна.

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн нь 1962 оноос уран зохиол бичиж эхэлсэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцсан. “Бүлээн нурам”, “Араатан” , “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн юм.