“Student Academy Awards" олон улсын оюутны кино наадамд монгол найруулагч Бираагийн Мартын бүтээл “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино тэргүүн дээд шагнал алтан медалийг хүртлээ. 

Анх удаа Академийн дээд шагнал хүртэж, холливудын кино архивт бүтээлээ албан ёсоор хүлээлгэн өгч, Оскарын тавцанд эх соёлоо танилцуулсан энэ явдал Монголын кино урлагийн түүхэнд бичигдэх түүхэн үйл явдал байв.

Тэрбээр Лондонд амьдардаг,  Их Британийн Хертфордшир их сургуулийг кино, телевизийн урлагаар мастерийн зэрэг хамгаалсан нэгэн юм. Бид тус киноны найруулагч Б.Марттай онлайнаар холбогдож ярилцсан юм. 

Сонирхуулахад энэ жилийн “Student Academy Awards" олон улсын оюутны кино наадамд кино урлагийн 400-аад сургуулийн 1600 оюутны бүтээл өрсөлдсөнөөс “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино Олон улсын баримтат киноны төрөлд ганцаараа тэргүүлсэн билээ.


-Америкийн кино академийн түүхэнд анх удаа монгол хүн энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авлаа. Юун түрүүнд танд баяр хүргэе. Шагналаа гартаа атгасан тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Зүүд зэрэглээ шиг баяр хөөртэй 7 хоногийг би үдлээ. Одоо л Лондон дахь гэртээ ирж байна. Шагналаа авахдаа маш их догдолсон бас их сандарсан. Анх удаа Монгол хүн шагнал авч байгаа болохоор тэр үү танхим дүүрэн хүмүүс намайг юу гэж хэлэх бол гэж хүлээж байсан болов уу. Би ч гэсэн Холливудын шилдэг найруулагч, уран бүтээлч нарын өмнө, тайзны төв гэрэлд зогсоод юу хэлэх билээ гэж бодсон.

45 дахь удаагийн энэхүү ёслолын ажиллагааны тайзнаас би 45 настайдаа Оюутны Оскарын шагнал хүртэж байгаадаа ихэд бэлгэшээсэн. Хүүхэд байхаасаа л говийн гайхамшигт тэр байгаль, хүн зоныхоо уламжлал, ёс заншлыг дэлхий дахинаа хүргэх юмсан хэмээн дотроо шатаж явдаг байлаа. Түүндээ ч хүрсэндээ маш их догдолж хоолой зангируулан үгээ хэлсэн. Хамгийн гол нь цаасан дээрх санааг минь дэлгэцийн бүтээл болгох хүртэл хамтдаа ажилласан ханьдаа, кино багийнхан, гэр бүл, төдийгөөс өдий хүртэл дэмжиж ирсэн аав ээждээ, найз нөхөд, Эрдэнэчулуун эмчдээ, Өндөршил нутгийн ард түмэнд чин сэтгэлийн угаас талархалаа илэрхийлье.


-Анх энэ баярт мэдээг хэзээ сонссон бэ?

-Өнгөрсөн зун киноныхоо нэмэлт зураг авахаар Өндөршил суманд очоод ирсэн юм. Тэр үед над руу академиэс таны бүтээл сүүлийн шалгаруулалтад багтсан, хэрэв эндээс шалгарвал медальт байр эзэлнэ, Оскарт өрсөлдөнө гэж дуулгадаг юм байна. Баярласандаа эмчдээ хэллээ. Эрдэнэчулуун эмч маань ийм их хөдөлмөр зарж байгаа юм чинь байр эзэлчихээсэй гэсэн. Цээжинд түрүүлчихээсэй гэсэн хүсэл, зөн совин, баяр догдлол төрөөд л байв.Зохион байгуулагчдаас нь нэг өдөр утсыг минь имэйлээр асууж, залгана гэсэн ч ярьдаггүй. Маргааш нь гэр бүлээрээ хүнсээ цуглуулаад дэлгүүрт явж байсан чинь залгалаа. Утсаар ярьсан хүн маань киноны маань талаар асууж ярилцлаа. 

Хэсэг хугацааны дараа та “Student Academy Awards" олон улсын оюутны кино наадмын ялагч болсон, та энэ шагналыг авах анхны монгол хүн, удахгүй болох улаан хивсний ёслол дээр ирээрэй гэж хэлдэг байгаа. Баярласандаа дуу ч гардаггүй, нулимс л өөрийн эрхгүй урссан. Нөхөртөө хэллээ, буруу дуулаагүй биз гээд итгэж ядан баярласан. 

Хэдий хүлээлт байсан ч гэнэтхэн сонсохоор зүүд ч юм шиг санагддаг юм билээ. Цаанаасаа надад энэ мэдээллээ биднийг албан ёсоор зарлатал одоохондоо ойр дотныхондоо л хуваалцаарай гэсэн учраас хэсэгтээ хав дарчихсан. 

“Student Academy Awards" олон улсын оюутны кино наадмын арга хэмжээг хэзээ болохыг, хэн ялагч болохыг хэвлэлүүд нь хүлээж байдаг юм билээ. Нэг өглөө сэрсэн чинь баахан имэйл, баяр хүргэсэн зурваст дарагдсан даа. Хамгийн түрүүнд миний төгссөн Хертфордшир их сургуулиас утасдаж сургуулиасаа энэ хүндтэй шагналыг хүртэж байгаа анхны оюутан болсонд халуун баяр хүргэсэн.


-Таны төгссөн Хертфордширийн их сургуульд суралцах маш шалгуур өндөртэй гэж дуулсан. Энэ сургуульд орсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Охид маань Лондонд боловсрол эзэмшиж суралцаж байна. Англид хөл тавихдаа энэ сайхан улсад заавал мэргэжлээ дээшлүүлнэ гэж бодсон. Шууд л суралцах боломж гараагүй. Харин охидоо бие дааж эхлэнгүүт “Ээж нь сурлаа. Тэнцдэг л юм бол заавал төгсөнө” гээд зүтгэчихсэн. Нөхөр маань үргэлж намайг дэмжиж байсан тул шууд л зөвшөөрлөө./инээв/ Их сургуульд тэр тусмаа Хертфордширт орох босго өндөртэй учраас тэнцэнэ гэдэг амархан бишийг ч гадарлана. Энэ сургууль гэрээс минь холгүйхэн. Сургуулийнхаа хажуугаар өнгөрөх болгондоо хэзээ нэгэн цагт заавал сурна даа гэж боддог байсан. Санаж явж бүтнэ гэдэг дээ, мөрөөдөж явсаар шалгуурыг нь даван сургуульдаа орж өнгөрсөн жилийн 12 дугаар сард төгссөн.

-Хертфордширээс өвөртлөсөн хамгийн чухал зүйл юу байв?

-Энэ сургуульд сурсанаар дэлхийн кино урлагийн үйлдвэрлэлийн систем яаж явагддаг, ямар суваг шугамаар, ямар шалгаруулалт тавьдаг гээд олон зүйлийг мэдэж сурсан. 


-Баримтат киногоо анх хийхдээ ийм амжилт гаргана гэж төсөөлсөн үү?

-Энэ баримтат кино бол миний мастерийн зэрэг хамгаалсан ажил. Санаандгүй хийчихсэн уран бүтээл яавч биш. Би анхнаасаа олон улсын кино наадмуудад оролцоно гэсэн зорилготойгоор бодож төлөвлөж хийсэн. Гэхдээ кино академийн шалгуурыг давж энэ том шагналыг авна гэж зүүдлээгүй.


- “Нүүдэлчдийн өрхийн эмч” киноныхоо санааг юунаас олсон бэ?

-Төрсөн дүү маань сумын эмч хийж байсан учраас ямар нөхцөлд ажилладагийг нь би мэднэ. Тийм ч учраас баримтат киноны олон сэдэв дундаас үүнийг барьж авсан. Би Чойрт өссөн учраас говийн амьдралд ойрхон байлгүй яахав. Мастерийн сэдвээ нүүдэлчдийн өрхийн эмчийн амьдралаар хийх гэж байгаагаа дуулгахад багш нар, ангийнхан маань сонсонгуутаа сэтгэл догдлон алга ташин хүлээж авсан.

Дөнгөж ярихад л хүмүүс ийм сайхан хүлээж авч байгаа юм чинь кино болоход илүү хүлээж авах юм байна гээд зориг орсон. Ингээд би нөхрийнхөө хамт хэзээ ч очиж үзээгүй Дундговь аймгийн Өндөршил сумыг, уулзаж байгаагүй Д.Эрдэнэчулуун эмчийг зорьж очин киноны ажлаа өнгөрсөн жил 5 сарын сүүлээр эхлүүлсэн дээ. Тэр дунд дүрээ олох гэж жаахан будилсан. Аз болоход найз маань 35 жил ажилласан мундаг эмч бий гэж ярьснаар бид нар холбогдсон. Эмч ч халуун сэтгэлтэйгээр бидний саналыг хүлээн авсан шүү. 

Бид зураг авалтаа 5 хүний багтайгаар баримтат киноны туршлагтай зураглаач Б.Лхагвадорж, зураглаач Б.Санжид, дууны оператор Н.Бямбацогт, продюсерээр миний хань Т.Адъшаажав нар ажиллаж 10 хоног зураг авалтаа хийсэн. Өндөр заяатай Шил нутаг маань биднийг түшсэн гэж боддог.


-Баярт мэдээгээ киноныхоо гол баатарт дуулгасан уу?

-Дуулгалгүй яахав. Академийн шүүгчид сумын эмчийн ур чадварыг үнэхээр гайхан биширч байсан. Ийм гайхалтай эмэгтэйг олж уулзан бидэнд танилцуулсанд баярлалаа гээд Д.Эрдэнэчулуун эмчийг, тэр Super woman-д заавал баяр хүргээрэй, бидний талархлыг дамжуулаарай гэсэн шүү. Гайхаж бишрэх нь ч аргагүй. Европын өрхийн эмч нар өрөөндөө сууж л хүнээ үздэг. Гэтэл манай нүүдэлчдийн өрхийн эмч цаг агаарын ямар ч хүнд нөхцөлийг давж, хэдэн арван километрийг үл ажран өвчтөнөө үзэж, шүд ч авдаг, хүүхэд төрүүлдэг гээд олон ур чадвар эзэмшсэн нь тэдэнд гүн сэтгэгдэл үлдээсэн.


-Академи зохион байгуулж байгаа учраас маш томоохон арга хэмжээ болдог гэж сонссон. Эргэн тойронд нь болсон үйл явдлаас сонирхуулвал?

-Шагналаа авахаар Лос Анжелос дахь Беверли Хиллст улаан хивсний ёслолд оролцлоо. Амьдралдаа хамгийн сэтгэл догдлуулсан гайхамшигтай өдрүүдийг өнгөрүүлсэн. Холливуудад данстай олон уран бүтээлч, найруулагч, зохиолч, продюсерүүдтэй уулзаж мөн Волт Диснэй студио, Академийн кино архив, Олон улсын Баримтат киноны нийгэмлэг, Америкийн Кино зураглаачдын Төв гээд маш олон газруудаар зочилж ихийг үзэж ихийг сурч авлаа.

Шагнал гардуулах ёслол маш дээд хэмжээнд хүндэтгэлтэй болдог юм байна. Тийм өндөр дээд хэмжээнд угтаж хүлээн авна гэж үнэндээ би төсөөлөөгүй. Биднийг маргаашийн Оскарын эзэд гэж үзэж их хүндэтгэлтэй хүлээн авч нэг бүрчлэн уулзаж баяр хүргэсэн.

Хамгийн сайхан нь надад Монголоос ирсэн гэж өөрийгөө танилцуулах шаардлага байгаагүй. Академийн Оюутны Зөвлөлийнхөн болон хүндэт гишүүд, шүүгчид нь киног маань хэдийн үзэж танилцчихсан,саналаа өгчихсөнучраас эртний танил мэт хүлээн авсан. 

Хүндэтгэлтэй хүлээж авдаг нь учиртай.Эндээс шалгарсан кино бүтээлүүд Оскарт нэр дэвших эрхээ авдаг. Бидний сайн мэдэх Форест Гамп, Полар экспрэсс киног найруулсан Оскарын шагналт Робэрт Земиксс,Блайкк Клансман, найруулагч Спайк Лийгээд Холливүдын алдартай кино найруулагч нар энэ наадамд түрүүлж байсан юм билээ. Кино маань Холливүүдийн театрын дэлгэцнээ 2 удаа гарч олон хүмүүс их сайхан хүлээн авч надад халуун баяр хүргэсэн. Мөн дэлхийн том хэвлэл мэдээлэлүүд BBC, Холливуд репорт, Нью Йорк таймс сонинд Монгол хүн Оюутны Оскар анх удаагаа хүртсэн талаар мэдээлсэн.


-Тэгэхээр та Оскарын наадамд киногоо сойх нь ээ?

-Киногоо илгээчихсэн байгаа. Одоо хариугаа хүлээнэ гэдэг хэцүүхэн даваа үлдээд байна шүү /Инээв/

Нэмж жаахан тайлбар хэлэхэд Академийн дээд шагнал буюу бидний мэдэх Оскар нь мэргэжлийн киноны уран бүтээл болон бүтээлчдэд олгодог шагнал.  Харин энэ академиас оюутны бүтээлүүдийг шалгаруулж Оюутны Академийн шагнал буюу Оюутны Оскарыг олгодог юм.


-Жирийн нэгэн эмчийн амьдрал юм шиг боловч нүүдэлчдийн амьдралын хэв маягийг харуулж чадсанаараа таны бүтээл олон хүнийг догдлуулж чадсан. Дахиж энэ төрлийн кино хийх үү?

-Монгол улсаа гэрэл гэгээтэй талаас нь харуулсан цуврал баримтат кино хийх бодол тээж яваа. Энэ киноны анхны санаа гаргалгаа нь ч тийм. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн, анхдагч нүүдэлчин ахуй гэдэг бол дэлхийн хөгжлийн өнөөгийн загвар юм гэдэг санааг үзэгчдэд хүргэхийг зорьсон. Яагаад хөгжил гэдгийг өндөр шилэн байшин, тансаг хэрэглээ, мөнгөөр хэмжих ёстой гэж. Энэ нь эргээд хүн төрөлхтөнд ямар их хор хөнөөл учруулж буйг бид эхнээсээ харж байна. 

Нүүдэлчин ахуй бол хамгийн бага хэрэглээтэй, байгаль орчинтойгоо зохицож, эх дэлхийгээ шүтэн хайрлаж амьдардаг эко амьдрал гэдгээрээ онцлог. Ийм агуу соёл иргэншил Монголд минь бий гэдгийг л хэлэхийг, ойлгуулахыг, дэлхийн хүмүүст үлгэр дуурайлал болохыг хүссэн. Үзсэн хүмүүс сонирхож янз бүрийн асуулт асуудаг юм. Жишээ нь түүнээс өөр ийм мундаг чадвартай сумын эмч бий юу гэнэ. /инээв/ Киноны мэргэжлийн хүмүүс бол арай өөрөөр харна.Тухайлбал та нар яаж ийм хүнд хэцүү нөхцөлд зураг авч чадав аа гэж байсан. Бид нарын хувьд бэрхшээлтэй гэхээсээ илүү хөгжилтэй, адал явдалтай зураг авалтууд болж өнгөрсөн.                                                                                                                                                   


-Киног бүтээхэд Засгийн газар соёлын байгууллагуудаас дэмжлэг авсан уу?

-Үнэндээ тиймэрхүү дэмжлэг аваагүй. Энд шалгарсан Оюутны бүтээлүүд нь бүгд тухайн орныхоо Засгийн газраас санхүүгийн дэмжлэгтэйгээр, бодлогоор хийгдсэн байдаг юм.

Улс орныхоо нүүр царай болж байгаа гэдгээр нь хөрөнгө хаяж анхаарал хандуулдаг нь илт юм билээ. Миний хувьд энэ киног хийхийн тулд өөрсдөө мөнгө хөрөнгөө цуглуулж бүрдүүлсэн. Сайхан сэтгэлт найзууд, танил нөхөд минь тусалж дэмжсэний хүчинд л босгож ард гарч чадлаа. 

Хертфордширийн их сургуулиас гэхэд энэ киногоо хий гээд мэргэжлийн 2 ч камераа итгээд өгч явуулсан даа. Хэрхэн хадгалж хамгаалах тухай хуруу зузаан хуудас заавартай номтойг нь бас гаалийн зөвшөөрлийн бичгийг нь хүртэл бүрдүүлж өгсөн. 


-Сонирхоод асуухад таны “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино дэлхийн нэр хүндтэй олон ч кино наадамд тэргүүллээ. Ингэж амжилттай оролцвол ямар нэгэн шагнал урамшуулал хүртдэг үү?

-“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино маань одоогоор 10-аад кино наадамд амжилттай оролцоод байна. Гэхдээ тэрхүү нэр хүндтэй шагналыг ямар ч мөнгөн шагнал дагалдаж ирдэггүй. Түрүүлнэ гэдэг нь л өөрөө том нэр хүндийн Шагнал. Зарим нь намайг ч, сумын эмчийг маань баахан шагнал аваад баяжсан гэж ойлгосон бололтой. Харин тэр шагналыг авахын тулд гадны орнууд руу зориж явна гээд зардал хэрэг болдог юм. Заримдаа очиж авч чадахгүй ч үе гарна. Тэр болгонд сайн найз нөхдийнхөө тус дэмжлэгээр шагналаа өөрийн биеэр гардан авч байсан. 

Хамгийн гол нь бидний энэ амжилт Монголын залуу уран бүтээлчдэд илүү ихийиг хийх урам зориг өгч цаашид олон хүн энэ амжилтанд хүрэх замыг тавьж өгнө гэдэг итгэлтэй байна.  Дэлхийн кино урлагийн тавцанд Монгол улсаараа гоёж чадсандаа тун их баяртай байна.

Шагнал гардуулах ёслолыг бүрэн эхээр нь энэ линкээр үзээрэй. Нүүдэлчдийн өрхийн эмч киноны шагнал гардуулах ёслол 55 минут 40 секундэд бий