Испани улсын Бенаске хотод зохион байгуулагдсан "Open Internacional Ajedrez Villa de Benasque” олон улсын нээлттэй тэмцээнд оролцсон Монгол улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 4 дүгээр байр эзэлжээ. 

Уг тэмцээнд 26 орны 431 тамирчин оролцсон байна. Энэ удаагийн тэмцээнд тэрбээр 10 өрөг тоглосноос 6,5 оноо авч эмэгтэйчүүдийн төрөлд 4 дүгээр байрыг эзэлсэн байна. 12 насандаа шатрын спортын мастер, 13 насандаа олон улсын мастер, 15 насандаа шатрын олон улсын их мастер цолуудыг хүртэж явсан их аварга Б.Мөнгөнтуул энэ тухайгаа 

"Сүүлийн өрөгтөө харамсалтай алдаа хийснээр дээгүүр байр эзлэх боломжоо алдсан ч хоёр том тэмцээний үргэлжлэл, ядарсан биеийн амжилт гэхэд чамлаад яахав. Сүүлд Энэтхэг, Словак улсад оролцсон тэмцээний амжилтаа бататгахыг хүссэн ч 3 дахь тэмцээний 9 дэх өрөгт Энэтхэгийн Их мастер Г.Н.Гопалтай 5 цаг дан ноёнтой үлдтэлээ тэмцэлдсэн, тэмцээн хооронд амрах завгүй, улс дамжин явсан нь нөлөөлсөн болов уу.Дэмжиж тусалдаг гэр бүл, дасгалжуулагч, Завхан аймаг, Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны хамт олондоо баярласнаа илэрхийлье" хэмээн бичжээ.

Спортын тэмцээн уралдаанд олон жил оролцож эх орныхоо нэрийг гаргаж яваа тэрбээр гадагшаа явах зардал мөнгөө олон жил бор зүрхээрээ аргалж иржээ.  Энэ тухай тэрбээр "Бөх байсан бол Монгол улсын Аварга болоод л машин, байраар шагнуулах байсан байна. Гадагшаа олон улсын тэмцээнд оролцох зардал ч гэж зовохгүй амар байх байж. Үндэсний шигшээ багаа ч татан буулгасан. Ер нь шатрын спорт Монголд яг хэрэгтэй байна уу?" хэмээн бичжээ.