“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-д шилжүүлэн өгөх тухай асуудал өрнөж, БНХАУ-Канадын хооронд хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаа энэ үед БНХАУ-ын эрх баригчид Канадын хоёр иргэнийг тагнуул хийсэн хэрэгт буруутгасан байна.

Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн М.Ваньжоуг сэжиглэж, Канадад баривчилсаны дараа буюу өнгөрсөн оны 12 дугаар сард Канадын дипломат асан Майкл Ковриг болон бизнес эрхлэгч Майкл Спавор нар БНХАУ-д баривчлагдсан билээ.

Өнгөрсөн ням гарагт М.Ваньжоу өөрийг нь баривчилсантай холбогдуулан Канадын эрх баригчдыг шүүхэд өгсөн байна. М.Ваньжоуг баривчилсныг БНХАУ зэмлэн буруушаасаар ирсэн юм.

Уг дипломат маргаан нь Канад-БНХАУ-ын харилцаанд сэв суулгасан ба БНХАУ-ын эрх баригчид Канадын хоёр иргэнийг баривчилсан нь М.Ваньжоуг Канадад баривчилсаны хариу үйлдэл мэт харагдаж байна.

Канадын эрх баригчид өнгөрсөн баасан гарагт М.Ваньжоуг АНУ-д шилжүүлэн өгөх ажиллагааг эхлүүлсэн боловч хуулийн процесс удаан үргэлжлэх төлөвтэй байгаа юм.

Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, Канадын Засгийн газар баривчлагдсан хоёр иргэний талаархи БНХАУ-ын байр сууринд санаа зовниж байна гэжээ. Мөн тэрбээр, БНХАУ дур зоргоороо баривчилгаа хийж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Өмнө нь хоёр иргэнийг суллахыг Ж.Трюдо уриалж байсан билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC