БЭЭЖИН./Xinhua/.БНХАУ-Латин Америкийн харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байхыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод БНХАУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/уриалсан байна. М.Помпео Чили болон Латин Америкийн бусад оронд айлчлах үеэрээ Хятад-Латин Америкийн харилцааны талаар нөхөрсөг бус мэдэгдлүүдийг удаа дараа хийсэн ажээ.


Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Каны мэдэгдсэнээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-ын нэр төрд халдаж, Хятад-Латин Америкийн харилцаанд асуудал үүсгэхийг оролдож байгаа нь маш хариуцлагагүй, зохисгүй үйлдэл аж.

“Харилцан хүндэтгэлтэй, эрх тэгш, ашигтай байх зарчимд тулгуурласан Хятад-Латин Америкийн орнуудын хамтын ажиллагаа нь тус бүс нутгийн орнуудын ард иргэдийн сайн сайхны төлөө чиглэсний зэрэгцээ нийтийн хөгжилд гол анхаарлаа хандуулж, эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа” гэж Лу Кан хэлжээ.

АНУ нь удаан хугацааны турш Латин Америкийг өөрийнхөө “арын хашаа” мэт үзэж, удаа дараа шахалт үзүүлж, заналхийлж, зарим дэглэмийг түлхэн унагааж байсан гэж тэрбээр нэмж хэлээд, Латин Америкийн орнууд хэн нь жинхэнэ, хэн нь хуурамч нөхөр болохыг, дүрэм журмыг хэн үл тоомсорлож, эмх замбараагүй байдал үүсгэдгийг зөвөөр шүүн тунгаана хэмээн найдаж байна гэж онцолжээ.

АНУ-ын олон улс төрч Хятадыг гүтгэн гүжирдэж, Хятад болон бусад улсуудын дунд "яс хаяж" байгааг ГХЯ-ны төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр, "энэ төрлийн үйл ажиллагаа нь "ичгүүргүй" бөгөөд худал үгс үргэлж худал байдаг, М.Помпео худал хэлэхээ зогсоох хэрэгтэй" гэж хэлжээ. 


Монцамэ агентлаг