БНХАУ, АНУ хоёрын харилцаа гаднаас нь харахад төгс мэт. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Бээжин хотод хийсэн айлчлал нь амжилттай болж, Хятадын дарга Ши Жиньпинтэй тогтоосон харилцаа түүхэнд дээд цэгтээ байгаа мэт санагдаж байв. Төрийн тэргүүн нар биесээ магтаж, ноён Трамп Хятадыг Америкийн өмнөх удирдлагуудыг “ашигласанд” буруутгаагүй гэдгээ илэрхийлсэн. 

Гэвч энэ бүх таамаглал, ажиглалт дүгнэлт Трамп Хятадыг Америкийн нөлөө, үнэ цэнэ, баялагийг сорих гэсэн “өрсөлдөгч хүч” хэмээн тодорхойлсноор эцэс болов. Түүний Үндэсний Аюулгүй байдлын стратеги (ҮАБС) гэх баримт бичигт ОХУ, БНХАУ-ыг АНУ-ын үнэ цэнэ, ашиг сонирхлыг эсэргүүцэгч ертөнц бүтээхийг хүсдэг “ревизионист гүрэн” хэмээн тодотгосон нь байдлыг хурцдууллаа. 

Улс төр судлаач Дашзэвэгийн Ганхуяг “Ревизионизм нь “дахин засварлах” гэсэн франц үгнээс гаралтай. “Ревизионизм” гэдгийг германы нэрт социал-демократ Э.Бернштейн анх гаргасан бөгөөд одоо бол тунхагласан зарчим, үзэл баримтлалаа байн байн өөрчлөх, шинэчлэх, засварлах агуулгыг илэрхийлдэг болсон” хэмээн бичжээ.

Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чунинг Америкийг “Хүйтэн дайны үеийн үзэл санаа, хэн ч хожихгүй тоглоомын баримтлалаа” хаяхыг шаардаад, тэгж чадахгүй бол “өөрсдөдөө, бас бусдад хохирол учруулах болно” хэмээн анхааруулсан юм. Түүнчлэн “Хятад өөрсдийн хараат бус байдал, аюулгүй байдал болон өсч дэвжих эрхээ хамгаалах болно. Бид өөрсдийн ашиг сонирхолд халтай гашуун жимс залгина гэж төсөөлөх хэрэггүй.” гэжээ. 

Өрсөлдөөн

Хонконгийн Линнанийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Жан Баохуй Бээжингийн сайжруулахыг хүсэж байсан Трамп, Ши хоёрын харилцаа “үхсэнийг” тэрхүү баримт бичиг баталсан гэв. Тэрбээр “Хятад улс харилцаагаа бататгахын тулд дипломат журмаар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Албан айлчлалаас төрийн тэргүүдийн харилцаа сайн байгаа гэж хүмүүс дүгнэсэн” гэж цохон тэмдэглэлээ. Хятадын нийслэлд байхдаа Трамп Шиг магтаалын үгээр “булж”, албанаас гадуурх уулзалт хийж, түүнийг Хориотой хотод оройн зоогонд урьсан.  

Талуудын бодит хонжоо тухайн үед ил цагаа байгаагүй ч улс даяар, Коммунист намд эрх мэдлээ дархалсан Шигийн хувьд тун амжилттай жил болж өнгөрснийг баттай хэлж байв. Ерөнхийдөө түүний олон улс дахь нөлөө Трампыг Ерөнхийлөгч болсноос хойш үнэмлэхүй өссөн. Бээжингийн айлчлалаас богц дүүрэн хөрөнгө оруулалт, бизнесийн гэрээтэй ирсэн  Трампад ч богино настай амжилт авчирч, олон улсын хэвлэлүүдээр түүний талаар таатай мэдээллүүд гарсан билээ. 

Трамп, Ши хоёрын харилцаанаас томоохон ашиг хүртэгч нь Хятад байсан бөгөөд энэ бүхэн нь Умард Солонгосын хямралыг шийдэхэд зориулсан Трампын золиос байв. Асуудлыг шийдэхийн тулд бодит алхам хийнэ гэж талууд амлалт өгсөн ч Пхеньян тэдний дарамт шахалтад бөхийх янз байсангүйгээр барахгүй, тив хоорондын баллистик пуужингийн хамгийн амжилттай туршилтаа өнгөрсөн сард хийлээ. Шинэ Зеландын нийслэл Веллингтон дахь Викториагийн их сургуулийн олон улсын харилцааны лектор Ван Жексон энэ мягмар гарагт бичсэн нийтлэлдээ “Хятадтай хийх өрсөлдөөн сонин биш болтлоо үргэлжилнэ” хэмээн цохжээ. Тэрбээр “ҮАБС Америкийг өмнөх засаглалын хамтын ажиллагаа, өрсөлдөөний хуурамч тэнцлээс салгаж, түлхэц болсон бодит байдал хэмээн хүлээн авч байна” гэсэн байна. 

АНУ, БНХАУ “мөргөлдөх замдаа” явна

Умард Солонгосыг Бээжингээр айлгуулах гээд чадаагүй явдал нь АНУ Хятадтай олон улсын худалдааны болон оюуны бодлогод санал нэгдээгүйтэй адил. Вашингтоны үе үеийн засаглалд энэ томоохон асуудал болдгийг Гадаад харилцааны зөвлөлийн ерөнхийлөгч Ричард Хаасс хэлсэн. “ҮАБС Хятад, Оросыг бидний ашиг сонирхолд нийцсэн, нийцээгүй хамаагүй дүрэм журам түшсэн олон улсын системд шигтгэж болох байсан санааг үгүйсгэлээ. Тиймээс ирээдүй эрх мэдэл, зөрөлдөөн тэргүүтний тэнцвэрээс хамаарах нь” гэж ноён Хаасс ярьжээ. 

Харилцааны энэхүү шинэчлэл Хятадыг эдийн засгийн салбар дахь асуудал, өрсөлдөгч гэж үзэх тийшээ хандсаныг харуулна. Жаны үзэж буйгаар Трамп кампанит ажлынхаа “Америк нэгдүгээрт” гэсэн уриаг биелүүлэхийн тулд тусгаарлагдах үзэл санаа баримталж эхлэв бололтой. Тэрбээр “Трампын гадаад бодлого Америкийг 1946 оноос өмнө баримталж байсан олон улсын бодлогын стандарт төрхөмд буцааж байна. Тэр нь гаднын их гүрнүүдийг өрсөлдөгч гэж үзэн, тэргүүн байраа хадгалахад суурилсан бодлого юм” гэв. 

Ингэснээр Америк, Хятадын харилцаанаас хамаарч статус квогоо хадгалах болно. Үүний илрэл нь Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанд Ерөнхийлөгч асан Обамагийн засаглал Хятадыг буруутагасан, Трамп засгийн эрхэнд гарснаасаа хойш худалдааны салбарт ар араас нь илэрхийлсэн хатуу байр суурь зэргээс харагдана. 

Ноён Жан үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги хоёр улс бие биетэйгээ мөргөлдөхөөр урт удаан замын аялалд гарсныг илтгэнэ гэлээ.