Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд энэ жил (2022 он) ирүүлсэн 80 орчим өгүүллэгээс шилдэг 10 бүтээлийг шалгаруулалтын өмнө нийтэд танилцуулж байна.

Наадам яахав, болдгоороо болоод наян чавганцын нэг нь түрүүлж таарна. Харин манай богино хэлбэрийн зохиолын чанар чансааг энэ наадмын өгүүллэгүүд тодорхойлж таарах уу?

Дэлхий дахины уран зохиолыг уянгын, туульсын, жүжгийн гэсэн гурван том төрөлд хуваан үздэг бөгөөд эдгээр төрлүүдийн дотроос өнөө хамгийн их дэлгэрэн хөгжиж буй таван л зүйл байна. Тэдгээр нь шүлэг (poem), өгүүллэг (short story), тууж (novella), роман (novel), жүжиг (drama) юм. Нийгмийн хөгжлийн үе бүрт уран зохиолын зарим төрөл зүйл илүүтэй хөгжиж зарим нь бүдгэрдэг зүй тогтол байдаг боловч үргэлжилсэн үгийн хамгийн богино зүйл болох өгүүллэг ямар ч цаг үед хоцрогдолгүй хөгжиж ирсэн онцлогтой. Хориннэгдүгээр зууны үндсэн онцлог товчхон байх гэдэг нь нэгэнт тодорхой болов. Тоосго шиг зузаан зузаан романы эрин үе нэгэнт улирч тодорхой тоонд захирагдах сэтгэгдэл(мессеж)-ийн буюу тэмдэгтийн эрин үеийн ноёрхолд сөхөрч буй өнөө үед өгүүллэгийн үнэ цэн улам бүр өсөх нь уншилт, хандалтаас харагдаж байна.

Учир нь өгүүллэг бол уран зохиолын туульсын төрлийн хамгийн богино зүйл.

Энэ цаг үед утга зохиолын бүтээгдэхүүнийг борлуулах олон аргууд гарч байгаа хэдий ч хуучин арга болох уншин борлуулах арга хэрэглэгдсээр байгаагийн зарим илрэл нь уран зохиолын чиглэлийн олон подкастууд. Замын түгжрэл, ууланд болон явган замын алхалт, машинтай болон морин аялал.., гээд ахуй амьдралын хийгээд аялал жуулчлалын олон зүйлүүдтэй урлаг, утга зохиолын бүтээгдэхүүнүүд хавсарсаар байна. 

Ийм цаг үед зохиогдож байгаа яруу найргийн болон богино өгүүллэгийн наадмуудыг хайхралгүй орхиж боломгүй. Тиймээс ч утга зохиолын байгууллагаас уламжлалт болон шинэлэг хэлбэрийн тайзнаас уншин борлуулах аргыг хэрэглэсээр байгаа нь утга чанараа алдах учиргүй. Үүний нэгэн жишээ нь өнгөрсөн жил яруу найрагч Ч.Ууганбаяр нарын амжилттай зохион байгуулсан “Яруу найргийн үдэш” буюу “Poetry Night” хэмээх цэнгүүн бөгөөд яруу найраг, өгүүллэгийг ингэж л борлуулбал их эвтэйхэн болохыг олон хүн хэлж байсан. Мэдээж уран бүтээлчид хийгээд бүтээлүүдийн сонголт чухал нь ойлгомжтой.

Ийм цаг үед зохиогдож байгаа богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд ирүүлсэн өгүүллэгүүд харин, нэг л биш!

Тухайлбал, Х.Эрдэнэцэцэг гэгчийн “Гэрэлтэгч хулс мод”. Энэ зохиолд Японы иргэнтэй гэр бүл болж 20 жил харь улсад амьдарсан гэх Цэнгэл гэдэг бүсгүй өглөө нөхөр, хоёр хүүхдээ ажил сургуульд нь үдэж өгчихөөд ямар ч шалтгаангүйгээр ихэд гуниглан гэрээсээ гарч ямар ч шалтгаангүйгээр алхсаар нэгэн цэцэрлэгт хүрээлэнд очих ба тэндээ бас учир утгагүй ганцаардан гуниглаж сууна. Гэтэл нэгэн өвгөн ирж хулс мод тарьсан тухайгаа хэлэх ба тэгэхэд нь Цэнгэл тэр хулсыг тэврээд л ямар ч шалтгаангүйгээр ихэд тайвшран гэр рүүгээ явж байх юм. Хүний нутагт олон жил амьдраад төрсөн нутгаа санаж байгаа юм уу гэтэл тийм биш, нөхөртөө юм уу хүүхдүүддээ гомдсон юм уу, эсвэл яадаг ч юм ядаж нэг гунигтай хөгжим ч юм уу сонссон зүйл ер байхгүй ямар ч шалтгаангүйгээр ихэд ганцаардах ба мэдээж шалтгаангүй шаналал болохоор шалтгаангүйгээр тайтгарчих юм. Зохиол гэхэд ахдах, биш гэхэд шилдэг аравт үлдчихсэн нэг ийм юм байна, өрөвдмөөр ч юм шиг, уурламаар юм шиг... Хар массын халтар романуудаас ч долоон дор юм байна.

Удаах нь Н.Мөнхсайхан гэдэг хүний бичсэн “Дардас” гэх. Малчин өвгөн Дондогийн хонины бэлчээрт уурхай нээгдэж Засгийн газрын шийдвэрээр ухаж байх юм, нэгэн өдөр өвгөн хятад хүмүүс ухаж байгааг мэдэх аж, хэд хоног шаналсан өвгөн “Тэр өрөмдлөг хийж буй талбайн наахна байх Хараат хэмээх өндөр толгой дээр гарч морио тушчихаад толгойн тэхий гол руу уруудан алхлаа. Нэгэн жижиг ургаа чулуун дэргэд амьсгаадан сууж бүснээсээ хүрзээ гарган ухаж гарав. Тохой далдартал ухаад өврөө уудлан өнөөх нандигнан боосон зүйлээ гаргаж ирэн задлав. Улаан хавтастай "Аймгийн аварга малчин" хэмээх батламж. Сайн малчны энгэрийн тэмдэг хоёрыг мойног хуруугаар илбэн гүнзгий гэгч санаад алдан буцааж боолоо. Ахин өврөө ухан жижиг цаасан уут гарган боодолтойгоо хийнгээ "Гялгар уут таван зуун жил уусдаггүй гэл үү" хэмээн амандаа бувтнангаа ухсан нүхэндээ хийж булан сайтар гэгч шороог нь гишгэж дагтаршууллаа. Ажлаа дуусгаад хөлсөө арчин, тамхиа гаргаж шуналтай нь аргагүй хэд сорчихоод шүлсээ шод хийлгэн нулимаад янжуурынхаа ишийг нь гударч унтраан буцаад морь руугаа майжигнав. Хараатаас уруудаж ахуйдаа "Энэ муусайнууд Хараат толгойг ухаж чадахгүй л дээ. Зуу, зуун жилийн дараа энэ газар монгол малчных байсныг хойч үе мэдэх болно. Миний нутаг хүнийх болсон ч Монголынх байсныг нь миний муу хэлхээтэй төмөр гэрчлэх байлгүй" хэмээн өөртэйгөө ярьсаар гэр өөдөө шогшуулав.

Дондог өвгөн чухам чухал үйл хийсэн мэт додигор гэгч нь эмээлээ авч морио чөдөрлөж тавиад гэрийн зүг алхахуйд шинийн гуравны саран баруунтаа тонгойж байв аа” гэж бичсэн байх юм. Хоёр, гуравдугаар ангийн хүүхэд ч ийм зохион бичлэг хийхгүй байх, гэнэн гэхэд багадах, тэнэг гэхэд доромжилсон болох. Яалтай ч юм. Аймгийн аварга малчин гэсэн энгэрийн тэмдэг булчихаар гадаадын хөрөнгө оруулалт дайжчих уу? Энэ одоо зохиол уу? Арай л гомдмоор юм.

Дараа нь Н.Баасанжав, “Алтан зуузай” гэх. Бас л өрөвдмөөр муу зохиол байх аж. Боохой хэмээх Найдан өвгөн гэнэт л нэгэн өдөр өөрийнхөө хоёр гарын алганы хээг (хээ ч гэж зураас гэж бичсэн байсан) харж харж их чухал юм олох аж. Юу олж байгааг нь зохиолч маань “Тэр мориныхоо цулбуурыг баруун тахимдаа лавхан шиг хавчуулж аваад, хоёр гарынхаа алгыг нүдэндээ тулгах шахам л авч ирээд шинжлээ. Ажиглаж, ажиглаж сууснаа сочсон юм шиг өвдгөө падхийтэл нь алгадаад, “тэгнэ ээ тэр!” гэж хашгирлаа. Сочсон морь тахимдах цулбуурыг шувт татан зулрах шахахад нь арайхийн амжиж тогтоов. Яах юу байхав! Энэ баруун гарын алганы хөндлөн зураас байна аа. Энэ бол одоо манай энэ эмгэн надтай ирж нийлсэн нь. Харин зүүн нь бол Жавзанхоролынх байх нь. Түй.й.й.” гэжээ. Ингээд л гарынхаа алган дотроос хоёр хүн олчихож байгаа юм. Тэгээд цааш бичихдээ “Тэр орой гэр рүү нь дөхөхөөр л эцэг нь хоолойгоо засаад байхаар нь аймсарсан юм. Хөгшнийг нойрсохыг хүлээж цөхөхдөө хаяа саахалтын, одоогийн энэ эмгэнийд хүрээд хоночихсон ухаантай. Ямар хээр хоноод харилтай биш дээ. Уул нь Найдан гутлаа сугавчлаад, өвсний толгой дамжих шахам л гэтсэн хэр нь үдээр шиг тэр хөх хөгшин анир авчихаад байлаа. Тэр үеийн улс амьтан Жавзанхоролын эцгийг сонороор тааруу л гэдэг байсан. Тийм хэр нь тэр, шөнийн өвс өндийх төдийхөн чимээг дуулаад байсныг одоо хэр нь ер ойлгодоггүй байлаа. Хөөрхий дөө, Найдан. Бүүр хэзээ хойно, хэрэг явдал нэг мөр болсны дараа, бүр нарийн яривал эсрэг ертөнцийн босгон дээр ирээд тайлдаг байна шүү” гэжээ. Уг нь Жавзанхоролыг тэр шөнөдөө хүчиндчихсэн бол эхнэр нь болох байж л дээ, даанч дүлий эцэг нь яагаад ч юм сонсчихоод охин дээрээ оруулаагүй бололтой, тэгээд яахав дээ лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр өөр нэг хүүхэн хүчиндээд л түүнийгээ эхнэрээ болгочихсон аж. Энэ одоо хэнийг доромжлоод байна, гэгээн цагаан өдөр очоод уулзах, хонь малын бэлчээр дээр ч юм уу тараалдаж болдоггүй заавал шөнө гэтэж ороод л болчихдог юм уу. Учир нь том зуузайтай хазаартай морины амгай зуузайн чимээнд хот айлынхан бүгдээрээ сэрчихээд охидоо манаад суудаг юм гэнээ, арай л үнэмшилгүй, арай л тэнэг, арай л хэтэрсэн уянгалал уу! Ер ойлгох юм алга, эсвэл бид бүгдээрээ мэдрэл муутай болчихоод байна уу?

Энэ мэтийн элий балай юмнууд биччихээд “Утгын чимэг” гэж ярих нь арай л хэтэрсэн болох буй. 

Монгол хүний өгөөмөр нинжин зан чанарыг үзүүлэх гэхдээ бүр хэтрүүлэн мэдрэл муутай мэтээр дүрслэн хосгүй үнэтэй хөөргийг хоёр гурван шил архиар зарна ч гэх шиг, тэгснээ бүх насаараа цуглуулсан үнэтэй цайтай юмнуудаа тарааж өгөөд ч байх шиг, хонх дамраас ч чанга дуутай хазаарын амгай зуузайны тухай, эсвэл эртний бичгийн зохиолуудаас Д.Нацагдорж, Б.Ринченгээр дамжин уламжилж З.Баттулгын “Хөх тэнгэр” роман, “Төвшинтөгс” тууж зэрэг бүтээлүүдэд биежин Гүрж.Нямдоржоор отголсон сонгодог бичгийн хэлний найруулгыг ашигладаг хүн болох гээд утга авцалдаагүй чамирхан нурших, алтны уурхайн зөвшөөрөл юм уу, янхны газрын зөвшөөрөл ч юм уу ямар нэгэн зөвшөөрлийг ятга тоглуулаад л шийдчихдэг төр засгийн тухай, унинд хавчуулсан гар хөрөө өөрөө унаад л хүчиндэгчийг хөнөөчихдөг тухай, буйдхан сумын наадмын Шагдар заан гэдэг бөхөд бууж өгвөл өвлийн идэш өгөөд дээрээс нь тэр сумын хамгийн сайхан хүүхэн нь нэг шөнийн эрхээр мялаадаг тухай гээд ямар ч логикгүй, үнэмшилгүй ер байж боломгүй галзуу солиотой дүрслэлүүдийг энэ жилийн өгүүллэгүүдээс харж болохоор байна. 

Гэтэл энэ чинь Жагдалын Лхагва, Санжийн Пүрэв, Далхаагийн Норов, Балжирын Догмид, Цэндийн Доржготов нарыг уралдуулж явсан наадам шүү! Тэгснээ бид нар их сайн зохиол бичсэн юм, даанч шүүгч нар л муу байлаа гэж ч байх шиг, үгүй дээ шүүгч нарт энэ хамаагүй, наян чавганцаас арай дөнгүүрийг нь шалгаруулсан байж таарна. 

Энэ жилийн шилдэг өгүүллэгүүдийг ойлгохын тулд мэдээж бичиг үсэгтэй байх ёстой, дараа нь юу ч бодож эргэцүүлдэггүй, эхний уншсан өгүүлбэрээ дараахтай нь холбож ойлгодоггүй, гадаадын хөрөнгө оруулалтыг үзэн яддаг, нүүдэлчдийн реализм л бол юу ч бичсэн талархан дэмждэг, тэгээд хамгийн гол нь мэдрэл муутай байх ёстой! Эдгээр чухал шаардлагуудыг хангаж чадахгүй бол эрхэм уншигч та “Утгын чимэг” наадмын өгүүллэгүүдийг бүү уншаарай!