Өвлийн улиралд авиралт хийгдээгүй цорын ганц 8,000 метрийн оргил болон үлдсэн нь “Зэрлэг уул” хочит K2 (8,611 м)-т уулын ертөнцийн “Сүүлчийн гайхамшигт сорилт” хэмээх нэр хүндийг түүнд авчирснаар үе үеийн уулчдын хүсэл мөрөөдөл болсон билээ. Өвөл аюул, сорилтыг тэс өөр түвшин авчирдаг. 

1987-1988 оны улирлаас хойш олон тооны багууд оролдлого хийсэн боловч амжилттай болсон нь нэгээхэн ч үгүй билээ.


Уулын тогтоц нь техникийн хувьд хүнд хэцүү авиралтыг бий болгодог төдийгүй тэнд цаг агаар үргэлж хамгийн том өрсөлдөгч байдаг нь эхнээсээ эцэс хүртэлх эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэж байдаг. Оргил дээр хар салхины хүчээр шуурга шууран агаарын температур -65 хэмээс доогуур байх нь энгийн үзэгдэл бөгөөд өвлийн барометрийн даралт багасах тусам тэр хэрээр хүчилтөрөгч багасаж, өчүүхэн ч гэсэн алдаа нь гамшгийн үр дагаварт хүргэж болзошгүй юм. Хэдийгээр Everest (8,848 м) дэлхийн хамгийн өндөр оргил боловч K2 нь илүү хэцүү бөгөөд аюултай авиралт билээ. 2018 оны 6-р сарын байдлаар 86 уулчин өвөл, зуны авиралтын үеэр харамсалтайгаар эндэж ууландаа мөнхөд нойрсон үлджээ.


Хамгийн агуу, хамгийн хэцүү, сүүлчийн гайхамшигт сорилтыг гүйцэтгэхээр Нимс хэмээх 37 настай уулчин залуу 2020/21 оны улирлын K2 өвлийн авиралтыг хийхээ мэдэгдсэн нь дэлхий дахиныг хүлээлтэнд  автуулсан билээ. Тэгвэл 2021 оны 01 дүгээр сарын 16-ны Бямба гарагт, орон нутгийн цагаар 16:58-д Непал улсын 10 уулчин K2 оргилд гарч төрийн дууллаа эгшиглүүлж, тугаа мандуулж гайхамшигт ялалтаа дэлхий дахинд зарлан тунхаглалаа. Ийнхүү 8,000 метрээс дээшхи 14 оргилд өвөл болон зуны улиралд авиралт хийх хүн төрөлхтөний даалгавар амжилттай биелэгдлээ. Өмнөх амжилтууд бүгд гадны орнуудын уулчдын нэр дээр бүртгэлтэй байсан бол энэ удаа Непалчууд өөрсдийн нэр дээр бүртгүүлж чадлаа. 

Цаст Гималайн нурууны сүүдэрт мэндэлж, амьдарч, буцдаг уулын ард түмэнд баяр хүргэе! Гайхалтай бахдам байлаа!

K2 өвлийн авиралт – 2020/21 оны улирлын багийн гишүүд

1. Nimsdai Purja (Team Nimsdai)

2. Mingma David Sherpa (Team Nimsdai)

3. Mingma Tenzi Sherpa (Team Nimsdai)

4. Geljen Sherpa (Team Nimsdai)

5. Pem Chiri Sherpa (Team Nimsdai)

6. Dawa Temba Sherpa (Team Nimsdai)

7. Mingma G

8. Dawa Tenjin Sherpa (Team Mingma G)

9. Kilu Pemba Sherpa (Team Mingma G)

10. Sona Sherpa (SST)


Багийн ахлагч Nimsdai Purja:

“Маш онцгой мөч. Бүтэн багаараа оргилоос доош 10 метрт цугларч, дараа нь хамтдаа оргилд гарч Непал улсын төрийн дуугаа дууллаа. Бид хүн төрөлхтөний түүхийн нэг хэсэг болсондоо мөн хамтын ажиллагаа, багаар ажиллах чадвар, эерэг сэтгэлгээ нь бидний мэдэрч болох зүйлсийн хязгаарыг нэмэгдүүлдэг гэдгийг харуулснаараа бахархаж байна. Боломжгүй зүйл боломжтой боллоо. Хүн төрөлхтөнд зориулж бүтээсэн түүх, Непал улсад зориулж бүтээсэн түүх!”

Багийн ахлагч Nimsday Purja гэж хэн бэ?

Непалийн Дхулагири мужид төрж, тал газрын Читван хотод өссөн Нимс хүүгийн мөрөөдөл нь ууланд авирах биш аав, ах шигээ Британийн армид гурка болох байлаа. Тэрхүү хүсэл мөрөөдөл нь 2003 онд биелэж 18 настайдаа гурка болжээ. Үүнээс 6 жилийн дараа тэрээр Их Британийн тусгай хүчний тэнгисийн цэргийн ангид элссэн анхны гурка болов. Тус анги нь Эзэн хааны тэнгисийн цэргийн командлалаас бүрддэг бөгөөд нууцын зэрэглэлтэй цэргийн ажиллагаанд мэргэшсэн Их Британийн цэргийн хамгийн элит ангиудын нэг юм. Чухам энэ үед л тэрээр зүрх сэтгэл доторх уулын хүнээ олсон бөгөөд ууланд авирах хүсэл сонирхолтой болсон байдаг. Тэрээр 2012 оны 2 дугаар сард тусгай хүчний үүрэгт ажлаасаа чөлөө аван Эверестийн суурь бааз руу аялалд гарах үеэр энэ бүхэн эхэлжээ. Энэхүү аялал түүний хэн бэ гэдгийг өөрт нь таниулсан бөгөөд тэрээр өөрийн хөтчөө ятгаснаар ууланд хэрхэн авирах талаар заалгаж Lobuche East (6119 м) оргилд гарав. 

Энэ бол түүний анхны оргил юм. Нимс тэнгисийн цэргийн ангид байхдаа уулын бүсийн тэсвэрлэшгүй хүйтэн уур амьсгал дах дайны үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж олон тооны сургуулилалт болон даалгаврыг ахлаж байв. Цэргийн амьдрал түүнд нөхцөл байдлыг хурдан үнэлэх болон эцсийн зорилгодоо хүрэхийн тулд бусдын аюулгүй байдлыг хангах зэрэг чадваруудыг суулгасан нь түүний ууланд авиралтын карьерт үнэлж баршгүй туршлага болжээ. 2014 онд анхны 8,000 метрийн оргил Dhaulagiri (8,167 м), 2016 онд Everest оргилд тус тус амжилттай авирсан бол 2017 онд Нимс гуркануудаас бүрдсэн багийг ахлаж Everest-эд амжилттай авирсныхаа дараагаар Lhotse (8,516 м) болон Makalu (8,485 м) оргилуудыг нэмээд дээрх 3 оргилд ердөө 5 өдрийн дотор авиралт хийж, дэлхийн рекорд тогтоосон нь түүний бүтээсэн гайхамшгуудын эхлэл байлаа. Тэрээр ихэнх уулчдаас хурдан авирч, өндөрт дасан зохицдог өөрт заяагдсан байгалийн физиологийн давуу талыг олж мэдсэнээр түүний хүсэл мөрөөдөл урьд урьдынхаасаа илүү болж ирсэн. Их Британийн тусгай хүчинд 10 жил алба хаасныхаа дараа буюу 2019 онд уулын мөрөөдлөө биелүүлэхээр сэтгэл шулуудаж, дэлхийн хамгийн өндөр 14 оргилд авирсан өмнөх рекорд 8 жил орчим хугацаа байсныг 7 сарын дотор авирах бүтэшгүй гэмээр төлөвлөгөө боловсруулж үүнийгээ Project Possible (Боломжит төсөл) – 14/7 гэж нэрлэв. 

Гэвч тун удалгүй тэрээр хүн төрөлхтөнд боломжгүй зүйл байдаггүй гэдгийг дэлхий дахинаа батлан харуулж 8,000 метрээс дээш 14 оргилд 6 сар 6 хоногийн дотор авирч гайхамшгийг бүтээсэн юм.

- 2019-04-23 Annapurna (8,000 m)

- 2019-05-12 Dhaulagiri (8,167 m)

- 2019-05-12 Kanchenjunga (8,586 m)

- 2019-05-22 Everest (8,848 m)

- 2019-05-22 Lhotse (8,516 m)

- 2019-05-24 Makalu (8,485 m)

- 2019-07-03 Nanga Parbat (8,126 m)

- 2019-07-15 Gasherbrum 1 (8,080 m)

- 2019-07-18 Gasherbrum 2 (8,034 m)

- 2019-07-24 K2 (8,611 m)

- 2019-07-36 Broad Peak (8,047 m)

- 2019-09-23 Cho Oyu (8,188 m)

- 2019-09-26 Manaslu (8,163 m)

- 2019-10-29 Shishapangma (8,027 m)

Түүний экспедиц удирдах чадвар болон ууланд авирах чадвар нь бүрэн боловсорсон гэдгийг Нимс дэлхийн тавцан дээр дахин нэг удаа нотлож чадлаа. Багаар ажиллах, төлөвлөлт хийх болон эерэг сэтгэлгээтэй байхад бүх зүйл боломжтой гэдгийг тэрээр тод харуулан бүх насны хүмүүст урам зориг өгч, эерэг хандлага нь хамгийн гайхалтай амжилтанд хүргэдэг гэдгийн бодит жишээ болж байна.


М. Бүрэнтөгс (22:33, 2021-01-16, Улаанбаатар хот)