Г.Ганзориг: Иог хийснээрээ стрессээ тайлж, сэтгэл зүйгээ тайван байлгаж чаддаг

Зөвхөн эмэгтэй хүн иогоор хичээллэдэг гэх хэвшмэл ойлголт нийгэмд бий. Тэгвэл тийм биш юм. Дэлхийд алдартай иогийн багш нар ихэвчлэн эрэгтэй хүн байдаг гэдгийг та мэдэх үү? 

Peak.mn сайт энэ удаад иогоор  дамжуулан бие махбод, сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарч болох талаар "Улаанбаатар аялагч клуб" (UB Hiking Club)-ийн тэргүүн Г.Ганзоригтой ярилцлаа. Иог түүний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд өдгөө 8 дахь жилдээ хичээллэж байгаа юм.

БИЧЛЭГ ҮЗЭХ:


 ЭРГЭЛТИЙН ЦЭГ…

Өөрийнхөө төлөө гаргасан хамгийн зоригтой шийдвэр тань юу вэ? 

Г.Ганзоригийн хувьд 16 жилийн турш тууштай ажилласан байгууллагаасаа гарахаар шийдсэн нь түүний ойр дотнынхонд гэнэтийн үйл явдал болжээ. Оюутан байхаасаа дадлагажигч хийсэн компанидаа цагийн ажилтан, бүтэн цагийн ажилтан, сүүлийн 4 жил нь захирлын албан тушаалыг хашиж байжээ.

Энэ хугацаанд уулын спортод дурласан нэгэн. Улмаар аялалд гарах давтамж нь ч нэмэгджээ. Түүнээс ажлаасаа гарах болсон шалтгааныг нь асуухад, “Байнга ажлаасаа чөлөө авах хэцүү байсан тул чөлөөтэй аялж, өөрийгөө аз жаргалтай байхад илүү цаг зарцуулахыг хүссэн” хэмээсэн юм. 

Иогтой учирсан нь…

Г.Ганзориг иог, бясалгалаар 8 дахь жилдээ тууштай хичээллэж буй. Тэрбээр иогтой учирсан түүхээ ийнхүү хуваалцсан юм. 

Суудлын ажил хийдэг байсан минь иогтой танилцуулж, яваандаа дурлах болсон үндсэн шалтгаан гэж боддог. Найман жилийн өмнө би нурууны мурийлттай, бүх биеийн булчин зангираад хатуурчихсан, хөдөлгөөний дутагдалд орчихсон хүн л явдаг байлаа. Харагдах төрх байдлаасаа жингийн илүүдэлтэй. 

Ерөнхийдөө оффист сууж ажилладаг хүмүүст зонхилон илэрдэг зовуурь надад ч гэсэн илэрч эхэлсэн. Илт биед зовуурь мэдрэгдэхгүй ч удаан сууж ажиллаж чадахгүй, анхаарал төвлөрөл муудаж, ажлын бүтээмжид нөлөөлж эхэлсэн л дээ. Тухтай сууж ч чадахгүй болсон байсан.

Ингээд фитнест явах талаар дүүдээ хэлтэл “Нэгэнт булчин зангирчихсан үед фитнест явбал улам л чангарна. Тиймээс иогт явж булчингаа суллаж, тайвшруулах хэрэгтэй” гэсэн. Ингээд анх иогийн студийн хаалгыг татсан юм. 

Одоо бодоход ажлаасаа гарахаар шийдсэн минь, иогоор хичээллэж эхэлсэн нь миний амьдралын хамгийн том эргэлтийн цэг болжээ.  

Иогоор хичээллэж эхэлснээс хойш…

Рентген зураг авхуулахад нурууны үеүд шахагдчихсан байсан. Тиймээс хүнд зүйл өргөж болохгүй, тэр байтугай гэрийнхээ хүнсийг ч өргөж явж болохгүй гэж эмч зөвлөж байв. Харин одоо  30 кг ачаа удаан хугацаагаар үүрээд өндөр ууланд аялдаг болсон. Ямар ч асуудал байхгүй. 

Өөрөө хичээллэж эхлэхээс өмнө иог хийж байгаа хүмүүс найм, 16 тоот дасгал хийгээд байна уу гэмээр амархан харагддаг байлаа. Ингээд анх хийж эхлэхэд нэлээд хүнд санагдаж байсан.

Ямар ч техник хэрэгсэлгүйгээр биеэ дааж дасгал хийдэг учраас иог биеийн булчингуудыг сайн ажиллуулж, тамир тэнхээ сайжруулдаг. Нэг барилтаа удаан барьж, тэнцвэрээ хадгалж зогсдог учраас анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж, тэсвэр хатуужилтай болгодог. Мэдээж уян хатан чанар сайжирна. 

Иогийг удаан хугацаагаар хийхийн нэг давуу тал нь булчин болон бие маш хурдан сэргэлт авдаг болчихдог. Өндөр ууланд авирч, байгальд нэг сар аялж байгаад гэртээ ирэхэд бие хөшчихсөн байдаг. Тэгээд ганц хоёр удаа иог хийхэд уян хатан болж, бие амардаг. 

Бие махбодоос гадна сэтгэл зүйг тогтвортой, тайван байхад иог тусалдаг. Шантрах, сэтгэл зовних, айдастай байх үед тогтуун болгож өгдөг нь иогийн ач. 


БУСАД ЮУ ГЭХ БОЛ ГЭДЭГ БОДЛООС ИЛҮҮТЭЙ ТАВ ТУХТАЙ БАЙДЛАА ЭРХЭМЛЭДЭГ

Зургийн эх сурвалж: UB Hiking Club

Зөвхөн эмэгтэйчүүд иог хийдэг гэх хэвшмэл ойлголт нийгэмд бий. Харин Г.Ганзоригийн хувьд бусад хүмүүсийн бодолд хайрцаглагдалгүй, өөрийн амьдралын нэг хэсэг болтол иогоор хичээллэж чадсан юм. Тэрбээр энэ тухай: 


Иогийг эрэгтэйчүүд хийх “эрхгүй” мэт тогтчихсон буруу ойлголт бидний дунд байдаг. Ретүз эмэгтэйчүүдэд зориулагдсан гэдэг шиг л ойлгодог байгүй юу! 

Анх иог хийж эхлэхэд надад ч гэсэн иймэрхүү зүйлс тохиолдож л байлаа. Найз нөхөд эсвэл ойр дотнын хүмүүс “Иог хийгээд байхдаа яадаг юм”, "Ямар нөлөөтэй юм" гэж хэлэх хүмүүс ч байсан. Гэхдээ ерөөсөө тоож байгаагүй.  Миний амьдралын хэв маяг, үзэл бодолд иог нийцдэг учраас хүмүүсийн ярианаас илүү өөрийнхөө тав тухыг эрхэмлэж ирсэн. Одоо ч тууштай хичээллэж байна. Би иог хийхдээ цаг гаргадаг биш иог хийж байж дараагийн ажлуудаа төлөвлөдөг. 

Найман жилийн өмнө иогоор хичээллэж эхлэхэд манай анги ганцхан эрэгтэй сурагчтай байсан нь би. Ер нь одоо ч тийм л дээ. \инээв\ 

Заримдаа ганц хоёр эрэгтэй хүн хичээллэхээр студид ирдэг ч төд удалгүй хаяад явчихдаг. Жаахан тууштай бус зан ажиглагддаг л даа. Эсвэл эрэгтэй хүний хийх ёстой зүйл биш гэж боддогтой холбоотой байх. Ямартай ч асуудал байгаа болоод л эрчүүд иог хийдэггүй.  

Гэхдээ нурууны өвчтэй, хүзүү нь шохойжчихсон, өвчин нь даамжирчихсан хүмүүс орж ирээд гайгүй болж байхыг нь ч харж байлаа. Тууштай байж чадсан хүмүүс үр шимээ хүртээд л явдаг. 

ИОГ БОЛ СТРЕССЭЭ ТАЙЛАХ ҮНЭГҮЙ БӨГӨӨД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ АРГА

Орой яах юм? Нэг газар сууж стрессээ тайлах уу? гэдэг хүмүүс хэрхэн стрессээ тайлах хэрэгтэй вэ? 


Иогоор хичээллэснээр өөрийнхөө сэтгэлзүйг тогтвортой байлгаж, өдөр тутмын амьдралд гарч буй стрессээ тухай бүрд нь гаргаж чаддаг.  

Хүмүүс орой яах юм гэдэг дээ? Угтаа юм ярьж суух гээд байгаа ч биш ууя л гэсэн үг шүү дээ. Дотор хуримтлагдсан бодлоо түр ч гэсэн мартаж, стрессээ тайлах гэсэн л арга. 

Миний хувьд 7 хоногийн 3 өдөр иог хийхтэй зэрэгцэн тогтмол ууланд гарч, хайкинг хийдэг. Иймд надад согтууруулах ундаа хэрэглэж стрессээ тайлах шаардлага гардаггүй.  

Зураг
Тайлбар

Памирийн уулсын 7000 метрээс дээш өндөртэй 3 оргилын нэг "Коммунизма оргил" (дтд 7490м)-д




"Манай Улаанбаатар утаатай, стресстэй хот" гээд л хүн болгон ярьдаг шүү дээ? Гэхдээ гаднын томоохон нийслэл хотуудтай харьцуулбал жижиг. Гэрээсээ гараад машинтай аравхан минут явахад л уулынхаа бэлд оччихдог. Тиймээс стрессээ тайлах боломж их бий. 

Өдөр болгон өөртөө цаг гаргаад ууланд алхаж болж байна. Иог хийж болж байна. Иогийн студид явж чадахгүй бол ууланд алхангаа юм бодож бясалгаж явна гэдэг чинь төвлөрөл, бас нэг иогийн хэлбэр. Энэ мэтчилэн өөрийнхөө амьдралд хэвшүүлж болох боломжууд зөндөө бий. Сэтгэл зүйгээ тогтвортой, стрессгүй, хүчирхэг байлгах тансаглалыг өөртөө зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь өөрийгөө хайрлаж буй нэг хэлбэр юм. 

Өөртөө цаг гаргаж өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулдаг байгаарай. 

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.