Гарааны компаниудад хөрөнгө оруулан системийн шийдэлд суурилсан хөтөлбөрөөр бойжуулах замаар зорилгоо хэрэгжүүлэх чадамжтай бизнесийн системийг хамтран бүтээдэг "Сократус Студио" ХХК-ийн гарааны компанийг бойжуулах хурдасгуур хөтөлбөрийн 8 дахь удаагийн сонгон шалгаруулалт явуулжээ. 

Энэ удаа өөрсдийн боловсруулсан хөтөлбөрөөр гадаад хэл сургах, гадаад хэл сургалтын цахим платформ хөгжүүлэхээр зорьж буй "Брайтон" ХХК Сократусын хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тус компанийг их сургуулийн нэг ангийн гурван найз буюу А.Ариунтуяа, О.Халиунаа, Ц.Мөнгөнчимэг нар хамтран байгуулжээ.
 
Хүн төрөлхтний завгүй амьдралын хэв маяг, технологийн боломжууд бүх зүйлийг дижитал руу шилжүүлж байна. “Brighton” компанийг үүсгэн байгуулагчид завгүй, богино хугацаанд хэл сурах зорилготой хүн бүхэнд зориулсан хөтөлбөрөөр гадаад хэл эзэмших “Boosterz Edtech" платформыг бүтээхээр ажиллаж байна.
 
ЕБС-ийн уламжлалт сургалтын системээс үүдэн бид аливаа хэлийг хэн нэгнээр нэг бүрчлэн заалгаж, академик аргаар сурах ёстой гэж ойлгодог. Гэвч олон жилийн турш хэдэн мянган дүрэм сурсан ч чөлөөтэй ярьж чаддаггүй. 

Тэгвэл тэд академик мэдлэг бус чөлөөтэй хэрэглэж чаддаг англи хэлтэй  болгох зорилгоор өөрсдийн бүтээсэн аргачлал дээр тулгуурлаж англи хэлийг амжилттай зааж буй залуухан бүсгүйчүүд юм.

Тэд сургалтын хөтөлбөрөө боловсруулаад гурван жилийн турш танхимын сургалт явуулж байжээ. Харин долоон сарын өмнөөс эхлэн аргачлал дээр суурилсан "Boosterz" платформыг бүтээж, түүгээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
 
"Boosterz" edtech бол зүгээр англи хэл “заадаг” платформ биш, харин хэл сурах бүх хүчин зүйлийг тооцоолж нэгтгэсэн “суралцах” платформ гэдгийг онцоллоо. Учир нь дүрэм үзэж, үг цээжилдэг академик арга барилыг халж, чөлөөтэй хэрэглээг бий болгоход чиглэсэн, англи хэлийг монгол хэлний онцлогтой харьцуулан заадаг аргачлалууд, сурагч бүрийн үр дүнг чухалчилсан ментор багш болон үнэлгээний системтэй цогц платформ аж.


“Brighton" компанийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал А.Ариунтуяатай цөөн хором ярилцлаа.

      Бидний боловсруулсан аргачлалаар анхан шатны мэдлэгтэй хүн ч таван сарын хугацаанд англиар ярьж чадна


 
- Хэр удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Бусад сургалтын төвүүдээс ялгарах онцлог нь юу вэ?

- Бид үйл ажиллагаагаа эхлүүлээд гурван жил гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд танхимаар сургалт явуулж байсан. Долоон сарын өмнөөс "Boosterz" платформыг хөгжүүлж, сургалтын процессыг дижиталжуулсан. 

Ихэнх хүн англи хэлийг 10 гаруй жил үзсэн мөртлөө ярьж чаддаггүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр англи хэлийг заахдаа хэтэрхий академик түвшинд буюу дүрэм дээр суурилж, үе шаттай заадаг мөртлөө ярих чадварын дадлагыг орхигдуулдаг. Ингэснээр мэдсэн зүйлээ ашиглаж ярьж чадахгүй байдал үүсдэг. 

Манай хөтөлбөрийн хувьд нэг курс буюу таван сарын хугацаанд англи хэлний хамгийн гол гэсэн дүрмүүдийг зааж, хэрэглээ буюу ярьж чаддаг болгох зорилготой. Мөн хүмүүс хэл сурах арга барилаа олж чадаагүйн улмаас дундаас нь орхих, шантрах асуудал гардаг. Тиймээс бид хамгийн түрүүнд сэтгэл зүйг нь бэлдэх хичээл ордог. Англи хэл нь Монгол хэлээс уг гарвалынхаа хувьд тэс өөр бүтэцтэй учраас хооронд нь харьцуулах маягаар өөрсдийн боловсруулсан аргачлалаар заадаг.

Хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт авсан бэ. "Сократус старт-ап студио"-тэй хэдэн жилийн хугацаанд хамтарч ажиллах вэ. Цаашдын зорилго нь юу байна вэ?

- "Сократус старт-ап студио"-тэй хоёр жилийн гэрээ байгуулж, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө оруулалт авлаа. Бид өөрсдийн боловсруулсан аргачлал дээр тулгуурлаж бүтээсэн "Boosterz"  платформаа дэлхийд өрсөлдөх чадвартай “Хэл шинжлэлийн цогц” платформ болгохын тулд ажиллана. Ингэснээр олон орны хэлийг монголчууд төдийгүй өөр улсын иргэд суралцах боломжтой болно гэсэн үг юм.  


Залуусыг мөрөөдлөө биелүүлж, жигүүрээ дэлгэн нисэхэд хамгийн чухал нөлөө үзүүлж буй "Сократус Студио" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцогтой уулзаж, зарим зүйлийг тодрууллаа. 



Гарааны бизнес эрхлэх сонирхолтой, эрхэлж буй залуус танай хөтөлбөрийг аль хэдийн мэддэг болсон. Одоогоор хэдэн бизнес танай хөтөлбөрт хамрагдаад байна вэ?

- Бид хөтөлбөрөө эхлүүлээд 3 дахь жилдээ орж байна. Өнгөрсөн хугацаанд 300 гаруй гарааны бизнес эрхлэгч хөтөлбөрт хамрагдахаар шалгаруулалтад хамрагдсан байдаг. Үүнээс бид 10-тай нь хамтын ажиллагаа эхлүүлээд байна.


Өнөөдөр Брайтон компани хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулж байна. Тэдний хөтөлбөрт тэнцсэн гол шалгуур юу вэ?

- Брайтон компани өөрсдийн боловсруулсан гадаад хэл сургалтын хөтөлбөрөө туршиж үзээд англи хэлийг олон хүнд эзэмшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тэдний боловсруулсан арга аргачлал, хөтөлбөр нь суралцагчдад үнэ цэнийг бий болгож чадаж байна. Хоёрдугаарт Брайтоны хөрөнгө оруулалт татах гэж буй зорилго нь манай хөтөлбөрийн зорилготой нийцэж байсан. Гуравдугаарт үүсгэн байгуулагчид буюу бизнесээ удирдах гэж буй хүмүүсийн сэтгэлгээний цэгц, дөравдүгээрт бидний нэг гарааны компанид оруулах хөрөнгө оруулалт, нөөц бидний хамтын ажиллагааны хүрээнд тавьж буй зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж чадахуйц байна гэсэн үндсэн шалгуурыг хангаж байгаа юм.


Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрт хамрагдсан гарааны компаниудад ямар өөрчлөлт, дэвшил гарч байгаа вэ?

- Компаниудын хувьд бүгдэд нь өсөж байгаа. Гэхдээ хурд нь харьцангуй өөр өөр байна. Бидний хөтөлбөрийн гол зорилго бол гарааны бизнесийг зорилгоо хэрэгжүүлэх чадамжтай бизнесийн систем болоход дэмжих юм. 

Тэгэхээр зорилгоо хэрэгжүүлэх чадамжтай бизнес болохын тулд өөрийнхөө зорилгыг оновчтой тодорхойлж чаддаг, зорилгодоо захирагдаж өөрийгөө төлөвлөж чаддаг, төлөвлөснөө хэрэгжүүлдэг, алдаа оноогоо оношилж арилгаж чаддаг байх, компани дээрээ чанартай өгөгдлийг бүрдүүлж бүртгэж түүнийгээ шийдвэр гаргалтандаа ашиглаж чаддаг болох хэрэгтэй юм. Энэ бүхэн чинь хэрхэн төлөвлөх вэ? Хэрхэн оношлох вэ? гээд бүгд шийдлүүд.

Бид гарааны компанид эдгээр шийдлүүдийг угсарч өгдөг гэсэн үг. Тухайн шийдлүүдийг дагаж мөрдөж хэрэгжүүлснээр тухайн компани систем болж төлөвших процесс явагдана. Тухайн шийдлүүдээ дагаж мөрдөх, чанартай хэрэгжүүлэх эсэх тухайн гарааны компанийг удирдаж буй хүнээс шалтгаалж байна. Энэ утгаараа шийдлүүдээ бүрэн хэрэгжүүлж байгаа компанид өсөлт хурдан бий болж байгаа бол дутуу дулимаг хэрэгжүүлж, бодох сэтгэхээс залхуурч байгаад нь уруудах, хөрөнгө нөөцөө үр ашиггүй зарцуулах, сахилга батгүй байх, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, гомдоллох гэсэн шинж тэмдэг гарч байна. Энэ нь тухайн бизнесийг удирдаж байгаа хүний сэтгэлгээний цэгц, ажилдаа хандах хандлагын ялгаатай байдлаас хамаарч байна.    


Гарааны бизнесийг удирдаж буй удирдлага муу ажиллаад байвал яах вэ? Өөрөөр хэлбэл, танай хөрөнгө оруулсан бизнесийг уналт руу түлхэж эхэлбэл?

- Муухай асуулт байна. /инээв/ Бид хөтөлбөр буюу гарааны компанид сууриллуулж хэрэгжүүлж буй шийдлүүддээ бүрэн итгэдэг. Тухайн шийдлүүдээ ягштал хэрэгжүүлээд ажиллахад уналтын хувийг 0 хүртэл бууруулж чадна. Удирдлагаас хамаарсан буюу ажилчид нь бодохгүй сэтгэхгүй, залхуураад байвал уналт ирнэ л дээ. Дахиад хэлье. Системийн шийдлүүдээ яг таг хэрэгжүүлбэл бодохыг, сэтгэхийг зайлшгүй шаардаад эхэлнэ. 

Бизнест хатуу засаглалын зарчим байдаг. Гүйцэтгэх удирдлага нь болохгүй бол хувьцаа эзэмшигчид удирдлагыг солино. Сократус бол санхүүгийн түнш биш. Тэр утгаараа бид хэдий хөрөнгө оруулагч ч гэлээ халамжлагч, дэмжигч юм. Дэмжигч гэдэг утгаараа тухайн гарааны бизнесийг үүсгэн байгуулсан хүнийг, багийг бизнесээ удирдаад хөгжүүлээд явахад нь илүү дэмжих бодлого баримтладаг. Болохгүй бол мэдээж хөрөнгө оруулагчийн байр сууриас асуудалд хандана.


Та бизнесийг систем болгоно гэж яриад байна. Бизнесийн систем болохын ач холбогдол нь юу вэ?

- Энгийнээр та нэг бизнес санаачлаад эхлүүлсэн гэж үзвэл танихгүйгээр ажиллах бизнесийг л бий болгоно гэж ойлгож болно. Бүр энгийн жишээ авбал. Танай ажилчид чөлөө авна, захирлаа чөлөө авах гэсэн юм гэх зэрэг асуудал гарлаа. Та тэдэнд цалинтай чөлөө өгч болно, цалингүй ч байж болно. Хэрхэн шийдэх вэ? Тухайн үеийн нөхцөл байдлаас хамаараад ажилтан бүрт өөр өөр шийдвэр гаргаад чөлөө өгнө. Харин ажилтан тань цалинтай чөлөө өгчих болов уу үгүй болов уу гээд хүлээнэ.

Компани дээр үл ойлголцол, итгэлцэл бий болно. Тэгвэл ийм тохиолдолд тэдэнд цагийн, өдрийн чөлөө авбал ийм дарааллаар ингэж бүртгүүлээд, ийм нөхцөлтэйгээр чөлөө авч болно гэсэн шийдлийг компанидаа суурилуулчихсан байвал бүгдэд ойлгомжтой болно. Таны оролцоогүйгээр асуудал шийдлээ олчихно. Энэ мэтээр компанийн үйл ажиллагаа хоорондоо уялдаатай, компанийн зорилгын хэрэгжилтийг дэмжих шийдлүүд танай компанид хэрэгжиж эхлэнэ гэсэн үг. Манайхан ISO стандарт гэдэг дээ. 

Яагаад ISO авчихсан байгууллагад хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд, харилцагчид, хэрэглэгчид итгээд байгаа вэ гэвэл тэнд чинь үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэх эрсдлийг бууруулсан шийдлүүд суучихсан гэсэн үг.

Компаниудад сууриллуулаад байгаа бидний системийн шийдэл ISO:9001-ийг бүрэн хангахаас гадна нэмэлт давуу талыг үүсгэж буй. Мөн бид бусад стандарттай харьцуулсан судалгаа хийж байгаа. Эерэг үр дүнгүүд гарч байна.

- Баярлалаа. Та бүхний хамтын ажиллагаанд амжилт хүсье.

Ингээд тэд монгол хүн бүрийг "ярьж чаддаг англи хэлтэй" болгох ажилдаа ханцуй шамлан орлоо. Шавилхан биедээ баймгүй ур чадвартай, уяхан бүсгүйчүүд дэлхийд Монгол гэх нэрийг дуудуулах тэр өдөр ойрхон байх болтугай.