"Сократус Старт-ап Студио" нь гарааны бизнесийг бойжуулах, хурдасгуур хөтөлбөртөө элсүүлэх ээлжит сонгон шалгаруулалт “Socratus PITCH DAY 3” арга хэмжээг 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна. Тус компанийн хэрэгжүүлдэг хөтөлбөрийн талаар "Сократус Студио" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцогтой ярилцлаа.


-Ярилцлагаа гарааны бизнес гэж чухам юу вэ гэдгийг тодорхойлохоос эхлэе?

-Англи хэлний “Startup” гэдэг үгийг гарааны бизнес/компани гэж орчуулаад хэрэглэж байна. Гэхдээ дэлхий даяараа нэг тогтсон тодорхойлолтод хүрээгүй байна. Цаг хугацаа, бизнесийн өсөлтийн үе шат, санхүүжилт, бизнесийн шийдэл гэх мэт хэв шинжүүдээр нь янз бүр тодорхойлсон тодорхойлолтууд бий. Гарааны бизнесийн тодорхойлолтуудад агуулагдаж байгаа нэг хэв шинж нь “өөрчлөлт”. Бид гарааны бизнесийг бизнесийн мөчлөгийнхөө эхэн үед байгаа гэхээсээ илүүтэйгээр зах зээл дээр тулгарч байгаа асуудлыг шийдэх харьцангуй давуу тал бүхий шийдлийг нэвтрүүлэхээр зорьж буй бизнесийг гэж тодорхойлж байгаа. Харьцангуй давуу тал гэдэгт тухайн бизнес нь оролцогч талууддаа ямар үнэ цэнийг бий болгож байна вэ гэдгийг ойлгоно. Манай улс Инновацийн тухай хуулиндаа “гарааны компани” гэж инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж эхлээгүй байгаа компанийг хэлнэ гэж тодорхойлчихсон байдаг.


Хамтрагчид нэг нэгийнхээ дутууг нөхдөг байж жинхэнэ хамтрагчид болно.

-Бизнес санаагаа олчихсон ч хөрөнгө оруулалтаа олж авч чадаагүй байгаа гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан "Socratus" хөтөлбөрөө манай уншигчдад танилцуулаач?

-Бизнес санаа байгаад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт олчих юм бол бүх зүйл бүтэж байгаа хэрэг биш. Харин бизнес санаагаа олчихоод хэрхэн бизнесийн системээ бий болгох вэ гэдгээ мэдэхгүй байгаа бол манай хөтөлбөр таны хэрэгцээг хангана. Хөтөлбөрт хамрагдана гэдэг бол манайх болон гарааны бизнес эрхлэгчид нэг зорилгын төлөө хамтран ажиллах хамтрагч, тухайн системийн оролцогч талууд болж байна гэсэн үг. Нэг нэгийнхээ дутууг нөхөж чадаж байвал жинхэнэ хамтрагчид болж чадна. 

Компани байгуулна гэдэг чинь УБЕГ очоод нэг гэрчилгээ авчихаад болчихож байгаа юм биш. Тухайн компанийн үзэл баримтлал нь ямар байх, үйл ажиллагаагаа хэрхэн төлөвлөх, мэдээлэл нь яаж урсах, алдаа, доголдолоо хэрхэн оношилж эмчилж байх гээд маш олон асуудлыг шийдэх хоорондоо уялдаатай, цэгцтэй шийдлийг нэвтрүүлж байж сая компани байгууллаа гэж ойлгох хэрэгтэй.

Манай санал болгож байгаа хөтөлбөрийн гол концепц бол бид компани, бизнесийн системийг хэвийн үйл ажиллагаатай болгох шийдлүүдийг мэдэж байна. Тиймээс бид таны компани байгуулахад чинь нөөцөөрөө хөрөнгө оруулж хамтарч ажиллая. Бас бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээний хөгжүүлэлтээ нэг алхам урагшлуулахад шаардлагатай мөнгөн хөрөнгө оруулалтыг хийе, үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэхэд дэмжих үүргүүдийг гүйцэтгэж өгье гэж байгаа юм.


-Та бүхэн гарааны бизнес эрхлэгчдэд ямар гол шалгууруудыг тавих вэ?

-Тухайн гарааны бизнес нь оролцогч талууддаа үнэ цэнийг бий болгож байх, тухайн бизнес санааны шийдэл нь бусад шийдлүүдээс ялгарах харьцангуй давуу талтай байх гэсэн гол шалгуурыг тавьдаг.


-Хүмүүст бизнесийн санаагаа алдчих вий гэсэн айдас байдаг. Гэтэл нөгөө талд нь хөрөнгө оруулагч нартай уулзаж санаагаа хуваалцаж байж санаа амилж бизнес болох учиртай. Энэ тал дээр та гарааны бизнес эрхлэгчдэд хандаж юу зөвлөх вэ?

-Зарим бизнес эрхлэгч санаагаа алдчих вий гэж эмээдэг байж болох юм. Бид зорилгоо “Гарааны бизнесийг хамтран бойжуулах замаар органик өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем бий болгож үнэ цэнийг бүтээнэ” гэж томъёолсон. Энэ зорилгодоо л захирагдаж ажилладаг, бизнес эрхлэгчтэй хамтарч ажиллана. Хамтрахын тулд тухайн бизнес санааг ойлгох, мэддэг болох хэрэгтэй. Тухайн бизнес эрхлэгч санаа, шийдлээ нуугаад байвал хамтрагч тал ойлгохгүй. Мэдээж ойлгоогүй зүйлдээ хамтран ажиллах шийдвэр гаргахад бэрх. Тиймээс хөрөнгө оруулагчидтай уулзаж, өөрийн санаагаа хуваалцаж, тэдний үзэл бодлыг сонсох нь чухал. 

Бизнес санаа өдөрт хэдэн арван мянгаараа төрж байгаа. Тэдгээр дунд тантай адил санаатай бизнес эрхлэгч ч явж л байгаа. Хэн нь санаагаа бизнесийн систем болгох вэ гэдэг л чухал. Хөрөнгө оруулагчид бол барьцаат зээлдүүлэгчид биш, урт хугацааны 5-10 жилийн дараах бизнесийн үнэ цэнийг хүлээдэг.

-Танай компани гарааны бизнес ямар шалтгаанаар хаалгаа барьдаг талаар судалгаа хийсэн. Яг ямар шалтгаанууд илүү зонхилж байна вэ, гарааны бизнес эрхлэгчид голдуу ямар алдаа гаргадаг юм бол /Шалтгаануудыг дурьдвал…./?

-Хаалгаа барьж байгаа шалтгаануудын талаар хийгдсэн судалгааны ажлууд байна. Эдгээр судалгааны дүгнэлтүүд их сонирхолтой. Жишээлбэл: Дампуурсан шалтгаанаа “Эрэлт хэрэгцээ байгаагүй” гэж хамгийн ихээр нэрлэж байна. Эндээс сэтгэлгээний ялгаа харагдаж байна. Би санаагаа хэрэгжүүлсэн, хэрэглэгчид худалдан аваагүй гэж байгаа биз. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид буруутан болж байна. Харин би хэрэглэгчийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлж чадаагүй гэвэл энэ хүн алдсанаа мэдэж байна. Хийж байгаа дүгнэлт чинь цаашид юу хийхийг заадаг. Хэрэглэгчдэд буруугаа тохоод байвал дахиад л амжилтгүй болно. Би чадаагүй гэвэл хаана алдав гээд алдаагаа хайх боломжийг олгож байгаа биз. 

Тэгвэл яагаад чадаагүй вэ? Анх санаагаа хөгжүүлж байхдаа бүхэл системээр нь хараагүйд л байна. Манай хөтөлбөрийн дагуу компанийхаа үзэл баримтлалыг тодорхойлох шатанд миний бизнес санаа ямар асуудлыг шийдэж байгаа юм, шийдэл маань бусад шийдлээс ямар харьцангуй давуу талыг бий болгож байна вэ, оролцогч талуудад ямар үнэ цэнийг бий болгож байгаа юм гээд цогцоор нь системийн загвараар гүнзгийрүүлэн тодорхойлдог. 

Ингэснээр компанийхаа зорилгыг гаргадаг. Түүнээс биш зүгээр л би тийм болно гэсэн мөрөөдлөө зорилго болгочихож болохгүй. 

Бид мөрөөдөл, хүсэл, зорилго гэсэн ойлголтуудыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна. Зорилго хэр оновчтой тодорхойлогдох, зорилгын хэв шинжүүдийг хангасан байх нь компанийн үйл ажиллагааг захирч, жолоодоод явчихна. Зорилгын хэв шинжийг хангаагүй зорилгын төлөө хамтарснаар зөв баг бүрдэж чадаагүй тарсан, мөнгө санхүү олж чадаагүй гэх шалтгаанууд дагалдаад гараад ирж байна.


-Анхнаасаа системийн загвараар санаагаа боловсруулбал дампуурахгүй гэж хэлж болох уу?

-За би энд ерөнхийдөө гэж үг ашиглаад ерөнхийдөө тийм гэж хариулъя, давагдашгүй, биднээс үл хамаарах шалтгаан гараад ирэхгүй л бол. Өөрөөр хэлбэл системийн загвараар асуудалд хандах нь хавь илүү. 

Бизнест явцын дунд сайжруулах өөрчлөх шаардлага гарна. Энийг чинь бас системийн шийдэл оношилгоо, мониторингоороо шийдчихсэн байдаг.

Өөрөөр хэлбэл алдаа, доголдолоо олж илрүүлж, хэмжилтүүдээ хийснээр үүсээд байгаа асуудлынхаа шалтгааныг олоод эмчилчихдэг гэсэн үг. Хол замд машин барьж яваа хүнтэй үүнийг жишвэл. Магадгүй үүрэглээд өөр зам руу орчихсон ч мэдэхгүй бол тэр чигээрээ л буруу замаар явна. Хэрэв GPS-тэй бол тэр даруйдаа л зөв замдаа орж төөрч будилахгүй зорьсон газраа очно. Системийн шийдлийн давуу талуудыг тооцоод байвал дуусахгүй. Залуучууд Системийн инженерчлэл бизнесийн байгуулагад хэрхэн нэвтэрч байгааг хайгаад олоод харчих биз.

-Танай компанийн хувьд системийн шийдэл дээр суурилсан гэдгээрээ давуу талтай. Уламжлалт менежментийн арга барил халаагаа өгч байгаагийн шалтгаан юу вэ?

-Системийн шийдлийн суурь нь системийн сэтгэлгээ буюу цэгцтэй сэтгэхээс эхэлж байгаа юм.Уламжлалт арга нь асуудлыг жижиг хэсгүүдэд хувааж, хэсэг тус бүрийг шийдсэнээр бүхэл асуудлыг шийдвэрлэсэнд тооцдог. Энэ арга нь асуудлыг системээр нь харах, ойлгох боломжийг хязгаарлачихдаг байна л даа. Системийн сэтгэлгээ нь системийг бүхэлд нь дүн шинжилгээ хийж, бүхэлд нь ажиглаж, тэдгээрийг бүрдүүлэх хэсгүүдийн хоорондын харилцан хамаарлыг тодорхойлдогт л давуу тал нь оршиж байгаа. Технологийн хурдацтай хөгжил, хүний хэрэглээний зан төлөв, хэрэгцээний хурдацтай өөрчлөлттэй орчинд бизнесийн үйл ажиллагаагаа бүхлээр нь харж үүсээд байгаа асуудал доголдлоо танин мэдэх замаар цаг тухайд нь засварлаж явахгүйгээр бизнесийнхээ нэг хэсэгтэй нь ноцолдоод байж байх хооронд дараагийн асуудал урган гардаг болсон байна л даа. Ийм ч учраас системийн инженерчлэл бизнесийн салбарт хүч түрэн орж ирээд байна. 

Систем инженерчлэлийн олон улсын зөвлөл гэж байгууллага Стандартчилалын олон улсын байгууллагатай хамтраад жижиг бизнесүүдэд зориулсан систем инженерчлэлийн стандартыг бидний сайн мэдэхээр ISO гаргачихаад байна. Жишээлбэл ISO29110 гэж систем инженерчлэлийн шийдлүүдийн стандартыг 25 хүртэлх ажилтантай жижиг байгууллагуудад зориулан гаргасан байна.


-Системийн загвараар бойжуулж анхнаасаа сууриа зөв тавьсан монгол компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөхөд илүү ойртоно гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болно. Би Монголын гарааны бизнес эрхэлж байгаа залуусын боловсруулж байгаа бизнес санаа шийдэл дэлхийн зах зээлд гарахад дутах зүйл байхгүй гэж боддог. Бидэнд тэднээс дутуу зүйл байхгүй шүү дээ. Технологи аль хэдийн бүгдэд тэгш өгөгдөл мэдээлэл авах харилцах боломжийг олгочихсон шүү дээ. Гол нь бидний сэтгэлгээнд хөгжингүй орнуудыг даган дуурайх хандлага буюу хуулахаа урдаа барьчихаад байх шиг санагддаг. Энэ чинь сэтгэхээс залхуурч байна гэсэн үг шүү дээ. 

Бодох сэтгэх, эрж хайхаасаа илүүтэйгээр гадны кейс, туршлагыг дагах байдлаар асуудалд хандаж байгаагаар ажиглагддаг. Гэхдээ бусдын туршилгыг бүү судал гэж байгаа юм биш үү. Шууд үнэн гэж хүлээж авахгүйгээр яагаад гэдэг асуултад хариулж харьцуулах хэрэгтэй.  Ингэснээр гадны стартап залуусаас илүү шийдэл боловсруулах боломжтой юм.

Системийн сэтгэлгээ, шийдлийн давуу тал асуудлыг үүсгэж байгаа шалтгааныг эрж олох шийдэх шийдлийг боловсруулах боломжийг олгодог.


-Гадны зах зээлд өрсөлдөх гадны зах зээл рүү гарах гэхээр хөрөнгө оруулалт, санхүүжилт олдохгүй байх нь бидний бэрхшээл, байхгүй байгаа зүйл биш үү?

-За наадах чинь нөгөө гарааны бизнес эрхлэгч, хэн бүхний гаргаад байгаа алдаа юм байгаам шдээ. Хөрөнгө оруулалт олдохгүй байна, мөнгө байхгүй байна гэсэн бэрхшээл тоочно. Мөнгө олдохгүй дээ биш олж чадахгүйдээ байгаа. Яагаад мөнгө олдохгүй байгаа вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Дэлхий даяараа хөрөнгө оруулагчид стартапт хөрөнгө оруулж байна шүү дээ. Саяхан нэг статистик мэдээ гарсан байсан. Хиймэл оюун ухаанаар оролдож байгаа старт-апуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 оны хагас жилээр 450 орчим сая ам.доллар байсан бол энэ оны хагас жилээр 7.4 тэрбум ам.доллар болж өссөн байна. 2013 оноос хойш 70 гаруй орны 3,6 мянга гаруй стартап нийт 66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна.


-Танайх бас хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулсан бил үү, танайх ямар төслүүдэд хөрөнгө оруулсан вэ?

-Тийм. www.chatbot.mn хиймэл оюун ухаант туслахаа бүтээх боломжтой платформыг хөгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагууд өөрийн туслахыг бүтээх боломжтой платформ юм. Та өөрийн чатботтой болсноор таны бот хэрэглэгчтэй таны өмнөөс харилцах, бизнесийн үйл ажиллагааны тодорхой хэсэг үйлдлүүдийг автоматжуулах боломжийг олгож байгаа. Манайх хиймэл оюуны салбарыг ихээр сонирхож байгаа шүү. Мөн манайх экспортыг дэмжсэн, импортыг орлох төслүүд, онлайн сургалтын платформ, Буриадын Улан-үдэд үйл ажиллагаа явуулах стартапт бас хөрөнгө оруулсан байгаа. Түрүүчийн ярьж байснаа үргэлжүүлье. Надад ийм гайхалтай санаа байна таныг хөрөнгө оруулалт хийгээч гэе. Та хөрөнгө оруулах уу


-Ашигтай санаа байвал оруулах байх...

-Та ашигтай гэдгийг мөнгөөр хэлж байх шиг байна даа. Тэгвэл та тэр компанийн зорилгодоо хүрч чадах чадвартай эсэх нь танд чухал уу? Зорилгоо оновчтой тодорхойлсон байх нь чухал уу?


-Мэдээж чухал ! 

-Тэгвэл хөрөнгө оруулагчдын хувьд зорилгоо хэр оновчтой тодорхойлсон байна? Зорилгодоо захирагдаж ажиллаж байна уу? Бизнес санаагаа хэрэгжүүлэх тогтолцоо бүрдсэн байна уу? гэдэг нь хамгийн том айдас байхгүй юу. Хөрөнгө оруулагчдын айдсыг арилгаж чадаж байвал хөрөнгө оруулалт олох тийм хэцүү биш. Гадны хөрөнгө оруулагчид Монголын стартап бизнесүүдэд хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж байна.


-Тэгвэл яаж хөрөнгө оруулалт татах вэ?

-Гарааны бизнес эхлүүлэхийг холын аялалд гарч байна гэж төсөөлье. Таны машинд түлш хэрэгтэй биз. Та би тэнд очоод ийм юм аваад ирнэ бензин хийж өгөөч гээд хэн нэгнээс бензин авсан гэвэл тэр чинь хөрөнгө оруулагч танд санхүүжилт өгч байгаатай адил юм. Тэгвэл та зүгээр хаанаас ч хамаагүй хоорондоо уялдаж ажиллаж чадахгүй хэдэн эд анги цуглуулаад нэг машин босгочихсон байвал таныг зорьсон газраа очно гэж итгэж бензин хийж өгөхгүй шүү дээ. Замдаа мэдээж машинаа сайжруулна. Айр кондишн, суудал халаагч суурилуулах гэх мэтээр. Гэхдээ эхлээд суугаад хөдөлж болохоор салаад уначихгүй гузов, рам, дугуй, кроп, мотор нь хоорондоо уялдаатай ажилладаг байх хэрэгтэй шүү дээ. Машин ажиллахын тулд зайлшгүй шаардлагатай хэд хэдэн эд анги байна аа даа. Тэрийг бид байгууллагын хувьд стратегийн суурь шийдэл гэж нэрлээд байгаа юм. 


Стратегийн суурь шийдлүүдээ угсарчих нь гэдэг бол хөдлөөд явж болохоор машинтай болчихлоо л гэсэн үг.

Ийм машинтай очоод хүнээс бензин асуувал ямар хандах бол. Бас манайхны гаргаад байгаа нэг алдаа нь машинд нь багтахааргүй их хэмжээний бензин хайгаад байна. Эхлээд бага хэмжээний бензин аваад машинаа явуулаад тодорхой зам туулсны дараа би ийм зам туулчихлаа, машинаа ийм болгочихлоо гэвэл дараагийн бензин хийх хүн амархан олдоно шүү дээ. Мөн машины чинь банк томорсон байна.

-Хэрэв анхнаасаа машинаа зөв угсарчихвал гарааны бизнес эрхлэгчлэгчдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт олдохгүй байна гэдэг асуудлаас ангижирах боломжтой юу?

-100 хувь баталгаатай тийм гэж хэлье.


-Ер нь танайд хандсан гарааны компаниуд уламжлалт менежментийн аргаас системийн загвар руу шилжихэд хэр хурдан хүлээн авч өөрчлөгддөг вэ?

-Өмнө хэрэглэж байгаагүй менежментийн шийдэл рүү орж байгаа болохоор үл ойлголцох асуудлууд гарна. Гэхдээ гарцаагүй өөрт нь тулгараад байсан асуудлууд шийдэгдээд эхлэхээр өөрчлөлт хурдан явагддаг. Манай инкубаторт системийн шийдлийн ментороор ажилладаг ТУС Сольюшн гэж системийн инженерчлэл хийдэг компани байгаа, тэдний боловсруулсан сорилруу ороод танай компанид асуудал, доголдол байгаа эсэхээ оношлоод үзэх хэрэгтэй. Доголдолоо эмчлэхгүй удвал доголдол, асуудал улам томорч хаалгаа барихад хүргэнэ.


-Танай инкубаторт орсноор гарааны бизнесүүд ямар давуу тал бий болох вэ?

-Манай ментор байгууллагаас байгууллагын стратегийн суурь шийдлүүдийг угсрах, төлөвшүүлэх үйлчилгээ авах төлбөрийн санхүүжилт, оффис, компанийн үндсэн үйл ажиллагааг дэмжих ажил үүргийн хүрээнд ня-бо, оффис менежер, менторуудаас мэргэжлийн зөвлөгөө авах, эхлэлийн санхүүжилт авах боломжийг олгож байгаа. Эдгээр дэмжлэгүүд маань өмнө дурьдсан машиныг чинь угсралцаад, тодорхой зам туулах бензинийг чинь хийгээд хамт нэг алхаадахъя дараагийн хөрөнгө оруулагчтай уулзъя гэж байгаа юм. Хөрөнгө оруулалт зөвхөн мөнгөөр биш өөр олон арга замаар орж ирж болно шүү дээ. 

Манайхан зөвхөн эхлэлийн санхүүжилт болох бэлэн мөнгөн хөрөнгө оруулалт дээр анхаарлаа хандуулах байдал өнгөрсөн хугацаанд ажиглагдаад байна. Бизнес эрхлэвэл манай санал болгож байгаа үйлчилгээнүүдийг өөр хэн нэгнээс төлбөр төлж авна даа. Оффис түрээслэх, ня-бо ажилд авах, зөвлөх үйлчилгээ авах зэргээр. Инкубаторт орсноор мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй үнэ цэнийг компанидаа бий болгож байгаа юм. Гэхдээ бид мөнгөөр хэмжиж ярих шаардлагатай тулгарсан учраас тодорхой тооцоолол хийсний үндсэн дээр нийт 250 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг нэг гарааны бизнест оруулж байна гэж гаргасан.

Нийт 250 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг нэг гарааны бизнест оруулж байна

-Танай хөтөлбөр ямар шат дараатай хэрэгждэг вэ?

-Бидний нөөц хязгаарлагдмал шүү дээ. Иймээс 1-рт сонгон шалгаруулалт явагдана. 2-рт хамтран ажиллах суурь зарчмуудаар ойлголтоо нэгтгэнэ. 

Анхнаасаа үл ойлголцолтой эсвэл нуугдмал айдастай эхлэх нь ирээдүйн том асуудлуудыг үүсгэдэг

Хөтөлбөр эхлэснээр эхний 2 сарын хугацаанд гарааны бизнест дээр хэлсэн стратегийн суурь шийдлүүдийг угсарна. Дараагийн 4-6 сарын хугацаанд төлөвшүүлэх буюу тухайн угсарсан шийдлүүддээ мониторинг оношилгоо хийх замаар сайжруулах ажлыг хийнэ. Бид хийгээд нөгөө бизнес эрхлэгч маань хараад суугаад байна гэсэн үг биш үү. Гарааны бизнесээ хоёулаа хамтран бойжуулна. Талууд үүрэг хүлээнэ. Бид хөтөлбөрийн хүрээнд амлаж байгаа үүргүүдээ хэрэгжүүлнэ. Бид гарааны бизнесийг хөл дээр нь бат зогсоох шийдлүүдийг л тухайн гарааны бизнестээ бэхжүүлэх үүрэгтэй.

-Танайх гадны зах зээлд гарах, дараагийн шатны хөрөнгө оруулалттай холбож өгдөг гэж байсан?

-Тийм. Манай толгой компани болох Гүнд Инвестмент ХХК нь Азийн бизнесийн зөвлөлийн гишүүн, энэ утгаараа бидэнд хөрөнгө оруулагчдын сайн нетворк, сүлжээ байдаг. Өнгөрсөн долоо хоногт Малайзын хөрөнгө оруулагч ирж хэд хэдэн төслүүдтэй танилцаад явсан.


-Гарааны бизнест системийн шийдэл нэвтрүүлэхийн хамгийн гол давуу тал юу вэ?

-Зөвхөн гарааны биш аливаа бизнест системийн шийдэл нэвтрүүлэхийн давуу талууд байна. Таны асуултад профессор эрдэмтэдийн дүгнэлтүүдээр хариулъя. Хүний нөөц судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, Д.Тэгшбүрэн профессорын илтгэлд:

1. “Хичнээн олон салангид шилдэг арга хэрэгсэл ашигласан ч, хичнээн супер хүн байсан ч Систем-ийг даван дийлэхгүй”

2. “Шилдэг хамт олныг хүн биш Үзэл баримтлал удирдаж, үйл ажиллагааных нь ард тогтвортой Систем ажиллаж байдаг”

3. “Хэн олны сэтгэлд нийцсэн хүчтэй үзэл баримтлалтай, зөв систем-тогтолцоо бий болгож чадсан нь амжилттай бизнесийн байгууллагыг төлөвшүүлдэг”

4. Байгууллагын удирдах төвшинд ажиллаж буй захирлууд систем бий болгох гэдэг том ажлыг зорилгоо болгон ажиллах нь чухал юм. Энэ нь эргээд захирал, удирдлага, шилдэг ажилтан солигдсон ч компанийн үйл ажиллагаа асуудалгүй, хэвийн үргэлжилж байхын үндэс суурь болдог.

Японы эдийн засгийн гайхамшгийн эцэг гэгддэг Америкийн инженер, профессор, менежментийн зөвлөх Эдвардс Деминг: Бизнест тулгарч байгаа асуудлуудын 94% нь системээс, 6% нь хүнээс үүдэлтэй байдаг” гэж дүгнэсэн байна.


-Гарааны бизнес хэзээ хөтөлбөрийг төгсөх вэ?

-Бид тухайн гарааны бизнесийг хэвийн үйл ажиллагаатай, органик өсөлттэй болгох зорилготой. Зорилго биелсэнээр хөтөлбөр дуусна. 2 жилийн хугацаанд зорилгодоо хүрэх боломжтой юм.


-Ярилцсанд баярлалаа.

Хаяг:  Баруун 4 зам Колорадо оффис, 

Утас: 70114858 info@socratus.mn