Монгол Улс багийн спортоор Токио 2020 Олимпийн их наадамд оролцох эрхээ анх удаа авсан, бүр тодруулбал дэлхийн 205 улс дэлхийн ранкад бүртгэлтэй байгаагаас 6-хан улс эрхээ авсан бол тэдний нэг нь Монгол Улс юм.

Гэвч Монголын төр засаг тэр дундаа спортын байгууллагууд төдийлэн дэмжлэггүй байгаад тэд сэтгэл дундуур байна.

Тухайлбал Монголын “3х3” сагсан бөмбөгийн тамирчид БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Ц.Шаравжамц, Б.Тамир нарын  хууль бус үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.  

Тэд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Ц.Шаравжамц,  Б.Тамир нар нь үгсэн хуйвалдаж,  спортын хөгжилд зарцуулагдах ёстой төсвийг сагсан бөмбөгийн шигшээ багийн зардал нэрээр хүчингүй тамга, тэмдэг ашиглан гурван жилийн турш хувьдаа завшсан гэж үзэж байгаа ажээ.

Мөн Спортын төв ордонд Монголын баг, тамирчдыг бэлтгэл, сургуулилалт хийх боломжийг нь хязгаарлаж, төлбөртэй заал ашиглуулдаг нь шударга бус явдал гэлээ.

Тиймээс Монгол  Улсынхаа нэрийн өмнөөс 2020 оны Токиогийн олимпод оролцох эрхээ авчихсан баг, тамирчиддаа  зориулалтын заал, танхимд бэлтгэл сургуулилалтаа базаах боломж олгох, бусад спортын төрлүүдийн шигшээ багуудад үзүүлдэг дэмжлэгээ алагчлалгүй үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүсч байгаагаа хэллээ.