Та өөрөө ойлгодог, сайн мэддэг салбар, эсвэл компанидаа хөрөнгө оруулах нь зүйтэй. Хэрэв та тухайн салбарын үйл ажиллагааг мэддэг бол тухайн компанийн үйл ажиллагааны талаар илүү сайн мэдэх боломжтой юм.

Хувьцааг нь худалдан авах, эсвэл худалдахаасаа өмнө тухайн компанийн талаар судлаарай.


Хөрөнгө оруулах гэж буй компаниудынхаа жагсаалтыг гаргаж дараах судалгааг хийгээхдээ үүнийг анхаарах нь чухал.

   Компанийн өрсөлдөх чадвар, тухайн компани салбарынхаа бусад компанитай харьцуулахад ямар түвшинд байна вэ?

  • Тухайн компанийн зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ ирээдүйд эрэлттэй байх магадлалтай юу?
  • Тухайн компани ирээдүйд өсөж тэлэх боломжтой юу?

Зарим компани жил бүр үйл ажиллагааны тайлан гаргадаг бөгөөд энэ нь тухайн компанийн талаарх мэдээллийн гол эх сурвалж болно. 

Жилийн тайланд тухайн компанийн талаарх таны мэдэж байх ёстой олон чухал мэдээллийг багтаасан байдаг. Үүнд:

  • Бизнесийн гол үйл ажиллагаа;
  • Ирээдүйн төлөв;
  • Компани ашиг, алдагдлын хэмжээ;
  • Компанийн стратеги.


Хөрөнгийн өсөлт үү, эсвэл орлого уу?

Ямар зорилгоор хувьцаа худалдан авч байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Танд тогтмол орлого хэрэгтэй юу эсвэл хөрөнгийн өсөлт хэрэгтэй юу? Хэрэв байнгын тогтмол орлого олох нь чухал бол ахиу ногдол ашиг хуваариладаг компанийн хувьцааг худалдан авах нь зүйтэй.

Хувьцааг хэрхэн худалдан авах вэ?

Монгол Улсын Хөрөнгийн Бирж (МУХБ) дээр хувьцааг худалдан авах, худалдах арилжаа хийгддэг. Брокер, дилерийн компаниар дамжуулан та хувьцааг худалдан авч, худалдаж болно. Брокер, дилерийн компаниар дамжуулан хувьцааг худалдан авах, худалдахад та үйлчилгээний хөлс төлөх хэрэгтэй болно.


#1.  Бүх өндгөө нэг сагсанд бүү хий

Бүх өндгөө нэг сагсанд бүү хий. Өөрөөр хэлбэл, янз бүрийн салбарт хөрөнгө оруулалтын өөр өөр төрөлд мөнгөө тараан хуваарилах замаар хөрөнгө оруулах буюу мөнгөө нэг ижил чиглэлд хөрөнгө оруулахгүй байх нь зүйтэй.  Үүнийг төрөлжүүлэх гэнэ. Төрөлжүүлэлтийн гол зорилго нь зарим хөрөнгө оруулалтаас хүлээсэн алдагдлыг амжилттай хөрөнгө оруулалтын ашиг, орлогоор нөхөх боломжийг бүрдүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, эрсдэл ихтэй болон багатай хөрөнгө оруулалтын тэнцвэрийг хангах сайн арга юм. Нэг ижил төрлийн хувьцаанд (жишээ нь, зөвхөн барилгын компаниудын хувьцаанд) голчлон хөрөнгө оруулахаас зайлсхийх нь зүйтэй. Хэрэв ижил төрлийн хувьцаанд хөрөнгө оруулбал нэг хөрөнгө оруулалт амжилтгүй болоход ижил төрлийн бусад хувьцааны хөрөнгө оруулалт мөн амжилтгүй байх хандлагатай байдаг.


#2. Худалдаж авахаасаа өмнө борлуулах тухай бод

Зарим төрлийн хөрөнгө оруулалтыг түргэн, эсвэл ерөнийдөө зарж борлуулахад хэцүү байдаг. Хөрөнгө оруулах эсэхээ шийдэхдээ эхлээд хожим нь түүнийг зарж борлуулахад хялбар эсэх талаар судалж мэдэх нь чухал.


#3. Хөрөнгө оруулахын зэрэгцээ хуримтлуул

Хуримтлуулсан бүх мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулалгүйгээр зарим мөнгөө хадгалах нь чухал. Танд гэнэт мөнгөний хэрэгцээ гарвал, жишээ нь, та ажилгүй болох, машинаа засах шаардлагатай болох зэрэг гэнэт мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд хөрөнгө оруулалтын хэрэгслийг хурдан зарж чадахгүй байх магадлалтай. Мөн таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ тухайн үед буурсан байж болно. Энэ тохиолдолд та анх хөрөнгө оруулсан мөнгөө алдахад хүрч болзошгүй. Иймд, мөнгөний хэрэгцээ гарахад богино хугацаанд санхүүгийн бага алдагдалтай, эсвэл алдагдалгүйгээр мөнгө олох боломжийг бүрдүүлдэг хадгаламжид тодорхой хэмжээний мөнгө байршуулах хэрэгтэй.


#4. Хөрөнгө оруулалтаа хянах

Таны хөрөнгө оруулалт зорилгод тань нийцэж буй эсэхийг тогтмол хянаж байх нь зүйтэй. Зарим сонин, цахим хуудсанд хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангуудын үнийн талаар мэдээлдэг. Эдгээрийг ашиглан таны хөрөнгө оруулалт хир амжилттай байгааг хянах боломжтой.

Таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурахад (нэмэгдэхэд заримдаа амжилттай сайн хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхой харагддаг) бэлтгэлтэй байгаарай. Гэвч үнийн гэнэтийн өөрчлөлтийн улмаас яарч шийдвэр гаргах хэрэггүй. Хэрэв та урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн бол зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, тухайн нөхцөлд тохирсон зөв шийдвэр гаргаж байх нь чухал. Урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилго болон ирээдүйн талаарх төсөөлөлдөө тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд тохиолдсон зүйлд тулгуурлан шийдвэр гаргаж болохгүй. (Жишээ нь, таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өнгөрсөн хугацаанд 20% буурсан нь ирээдүйд таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурна гэсэн үг биш).

 

#5. Баримт бичгийг найдвартай газарт хадгалах

Тухайн хөрөнгө оруулалтад төлсөн үнэ, шимтгэл, татварын тухай бүхий л мэдээллийг хөрөнгө оруулалтын төрөл тус бүрээр хадгалах нь чухал. Эдгээр тайлан, мэдээллийг татварын хөнгөлөлт эдлэх баримт бичиг бүрдүүлэх гэх мэт шаардлагатай үед олоход хялбар, найдвартай газарт хадгалаарай.


#6. Санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө

Хөрөнгө оруулалтын хэрэгслийг худалдан авах, худалдахдаа, ялангуяа их хэмжээний, эрсдэлтэй, эсвэл ер бусын өвөрмөц хөрөнгө оруулалтын хувьд санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө аваарай. Санхүүгийн зөв зохистой зөвлөгөө авснаар та зорилгоо бодитой тодорхойлох, эрсдэлийн талаар мэдлэг, ойлголттой болно. Мөн санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө нь таны эрсдэлд хандах хандлагаас шалтгаалан зорилгодоо хүрэхэд тань тусалж чадахуйц хөрөнгө оруулалтыг сонгоход тусална. Түүнчлэн хөрөнгө оруулалтын талаар алдаатай шийдвэр гаргахаас зайлсхийхэд санхүүгийн сайн зөвлөгөө танд тусална. Компанийн хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангуудын талаарх санхүүгийн зөвлөгөөг санхүүгийн мэргэжлийн зөвлөхөөс авч болно. Санхүүгийн зөвлөхүүд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохих зөвшөөрөл, лиценз авсан байна. Та Санхүүгийн Зохицуулах Хорооны цахим хуудас руу энэ линкээр [https://www.frc.mn/org/index?category=77] орж тухайн санхүүгийн зөвлөх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж болно.  Мөн тухайн зөвлөхийн зөвшөөрлийн гэрчилгээг өөрөөс нь үзэж болно. 

#7. Шимтгэл, суутгалыг шалгах

Хувьцаа худалдан авах, худалдах шийдвэр гаргахаасаа өмнө холбогдох үйлчилгээний хөлс болон бусад шимтгэл, суутгал, хураамж төлөх ёстойг тодруулж мэдээрэй.


Эх сурвалж: https://www.sankhuugiinbolovsrol.mn/