Олон жилийн өмнө аавыгаа, таван сарын өмнө ээжийгээ хүнд өвчний улмаас алдсан БЗД-ийн Шархад орчимд 4 дүүтэйгээ амьдардаг ажилч хичээнгүй 19 настай Чулуундарь охины талаарх мэдээлэл хэд хоногийн өмнө нийгмийн сүлжээнд цацагдсан билээ. Тэгвэл бүтэн өнчин хоцорсон эдгээр хүүхдүүдэд байрны түлхүүр гардуулсан сайхан үйл явдал болжээ. 

Э. Чулуундарь болон түүний бяцхан дүү нарт “Виктори коал транс” тээврийн группийн 1000-аад жолооч нар нэгдэн иж бүрэн тавилгатай 2 өрөө байр бэлэглэсэн байна. Тэд энэхүү мэдээгээ дуулгалгүйгээр гэнэтийн бэлэг барьсан бөгөөд баярласан охин "Миний амьдралын хамгийн гол утга учир нь дүү нар минь. Гэнэтийн бэлгэнд маш их баярлаж балмагдлаа. Миний ээж аав тэнгэрээс хараад баярлаж байгаа байх. Хүүхдүүд нь дулаахан байгаа шүү гэж хэлье"  гэжээ.

“Виктори коал транс” компанийн хувьд байр өгөөд зогсохгүй 2 жилийн турш харж хандахаа амласан байна. Дашрамд сонирхуулахад энэ залуусын нэгдлийн инженер нь СТА, дуучин Энхболдын Чулуунчимэгийн маань аав юм гэнэ.