Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө.  

- ПСР шинжилгээний хэдэн цэг ажиллаж байна вэ?

- ПСР шинжилгээний байнгын 11 цэг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд цаг авсан иргэдээс шинжилгээ авч, ажиллаж байна. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлэх юм. Орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл, тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдээс коронавирусийн халдвар илрүүлэх ПСР шинжилгээ авах явуулын гурван цэг өдөр бүр 10:00-17:00 цаг хүртэл дараах байршилд ажиллаж байна. Үүнд:

  • Авто худалдааны цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд/
  • “Буянт-Ухаа” спортын ордон /Нисэхийн тойргоор урагшаа эргэхгүй, чигээрээ 100 орчим метр явж урагшаа эргэж орно/
  • “Баянзүрх” авто оношилгооны төв /Баянзүрх дүүргийн 8-р хороонд/

Дээр дурдсан шалтгаанаар орон нутагт зорчих иргэд шинжилгээнд хамрагдахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэх
  • Зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл
  • Нас барсны гэрчилгээ /Буяны ажлаар явах тохиолдолд/

- 50-аас дээш насны иргэд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

- 50-аас дээш насны иргэдийг хаана, хэзээ дархлаажуулалтад хамрагдах тухай мэдээллийг хорооноос холбогдож хүргүүлнэ. 18-50 насны иргэд өөрийн харьяа дархлаажуулалтын цэг дээр очиж, очсон дарааллын дагуу дархлаажуулалтад хамрагдаж байгаа. 

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд ажиллана. 13:00-14:00 цагийн хооронд өрөө, тасалгааг халдваргүйжүүлэх ажил хийгдэх юм. 

Мөн нэгдүгээр тунгаа хотод хийлгэсэн бол хоёр дахь тунгаа орон нутагтаа хийлгэж болно. Эрүүл мэндийн нэгдсэн нэг системд бүртгэж байгаа тул асуудалгүй вакциндаа хамрагдаж болно.

- Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдвол хаана хандах вэ?

- “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд 80086829 дугаарт залгаж мэдэгдэнэ. Дуудлагын дагуу шинжилгээний баг /Тагнуул, Эрүүгийн цагдаа, ХӨСҮТ-ийн хамтарсан баг очиж, асуумж бөглүүлэн биеийн байдлыг тодорхойлж байгаа. Биеийн байдлыг тодорхойлоод хөнгөн тохиолдолд гэрээр нь тусгаарлаж, eruul.gerege.mn дээр бүртгэн харьяа дүүргийн эрүүл мэндийн газраас хяналтдаа авч, зөвлөгөө мэдээллээр хангана. Биеийн байдал хүнд байвал ХӨСҮТ рүү авч явах юм. Хамтарсан баг очиж үзэх хүртэл гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.

Ойрын хавьтал болсон иргэн гэртээ өөрийгөө тусгаарлах бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж шинжилгээ авч, зөвлөгөө өгнө. Гэртээ аль болох бусад өрхийн гишүүнээс өөрийгөө тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Ойрын хавьтал болсон иргэнийг эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлох бөгөөд иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй.


Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв