Эрдэмтэд төрсөн эхчүүдийг хүүхдүүдийнх нь хамт дуулах курст хамруулахад энгийн ээжүүдтэй харьцуулахад стресс нь амархан илааршиж байгааг олж тогтоожээ. Их Британийн сэтгэл судлалын сэтгүүлд нийтлэгдсэн уг садалгаанд төрсний дараах сэтгэл гутралд орсон 134 эхийг хамруулсан байна. 

Ийм төрлийн сэтгэл гутралаас эрт ангижрах нь эх, хүүхдийн аль алинд нь сайн нөлөөтэй. Дашрамд, төрсөн найман эх бүрийн нэг нь сэтгэл гутралд ордог аж. Судлаачид ээжүүдийг гурван хэсэгт хуваасан. Нэгдүгээрх нь хэсэг бүлгээр нийлж дуулах, хоёрдугаарх нь бүтээлч байдлаар тоглох, сүүлчийнх нь хэвийнх шиг л гэр бүлийнхний асаргаа сувилгаанд байжээ. 

Нэгдүгээр бүлгийн ээжүүд орон орны бүүвэйн дуунаас сурж, хүүхэддээ дуулж өгөн, өөрсдөө ч хүртэл эх хүний амьдралын талаар дуу зохиосон гэнэ. Чингэхэд хөнгөнөөс хүнд хүртэлх сэтгэл гутралын шинжтэй эхчүүдийн байдал тун хурдан сайжирчээ. Бусад хоёр бүлгийн ээж нартай харьцуулахад шүү дээ. 

Судалгааны бүх бүлэг 10 долоо хоногт сайжирсан ч эхний зургаан долоо хоногт дуулах бүлгийн гишүүд 35 хувийн сайжирсан үр дүнтэй байж. Эрдэмтдийн багийг ахалсан доктор Роузи Перкинс судалгаа том биш ч ач холбогдол ихтэй болсныг хэлэв. “Төрсний дараах сэтгэл гутрал эхийг, гэр бүлийнхнийг нь ч хүндхэн байдалд оруулж, ядраадаг. Харин бидний хийсэн судалгаа үнэгүй, хэзээд ч хийж болох ийм хялбар зүйл хэрхэн тус болдгийг харууллаа. Төрсний дараах үе бол эмэгтэй хүний хамгийн эмзэг үе. Энэ үедээ хурдан илаарших нь маш чухал” хэмээн хатагтай Роузи тайлбарлав. 

Төрсний дараах сэтгэл гутралаасаа ангижрахын тулд олон эх хөхүүл үедээ эм уудаг, боломжтой хүмүүс нь сэтгэл засалчдад ханддаг ч ийм тохиолдол тун бага. Манай Монголд бол төрсөн байтугай завтай, мөнгөтэй хүмүүс ч сэтгэл засалчид хандах нь бага. Бүр төрсөн эх сэтгэл гутралд ордгийг ч мэдэхээсээ мэдэхгүй нь их. Хүн төрөлхтөн эрт үеэс хүүхдэдээ бүүвэйн дуу аялж өгдөг байсан. Магадгүй эх хүн байгалийн зөнгөөрөө өөрт хэрэгцээтэй зүйлээ л нэхэн хийсэн нь тэр байх. 

Эрдэмтдийн хийсэн энэхүү судалгааг салбарынхан ихээхэн сайшааж, үргэлжлүүлэн судлах хэрэгтэй хэмээн үзлээ. Төрсөн ээжүүдэд зориулсан сэтгэл судлалын байгууллагууд хэдийнэ судалгааны багийнхантай хамтрах хүсэлт тавьсан гэнэ. 

Бид юу хийж чадах вэ? Хүүхдээ бүүвэйлж, хүсвэл гэртээ чанга дуугаар дуулж, бүжиглэхдээ чөлөөтэй байж чадна.