Б.Зулбаяр: Ажлын туршлага, мэдлэгтээ тулгуурлаж хийх дуртай ажил, хоббигоо бизнес болгоорой

Peak.mn
05 сарын 19, 2025

Хувийн бизнесээ одоо эхлүүлэх цаг мөн эсэх, түүнчлэн залуучууд хувийн бизнесээ эхлүүлэхэд юу анхаарах талаар “Startup MASTERCLASS” хөтөлбөрийн ментор Б.Зулбаяртай ярилцлаа.

-Хувийн бизнесээ эхлүүлье гэсэн залуучууд юун дээр хамгийн их анхаарах ёстой вэ? Ялангуяа эхний үед?

-Стартап бизнес эхлүүлнэ гэдэг их сургуулиа дөнгөж төгссөн залуучуудад байтугай олон жил тухайн салбарт нь ажилласан мэдлэг туршлагатай хүмүүст ч чанга шийдвэр. Олон жилийн дадлага туршлага, салбарын нэр хүнд, тогтоосон ажил хэргийн харилцаа холбоогоо яах билээ? Бизнес амжилтгүй болбол мөнгө санхүүгийн эрсдэлээс гадна нэр хүндийн эрсдэл гарч ирнэ гээд зөндөө бодох юм байна. 

Гэхдээ стартап бизнес эхлүүлэхээр шийдсэн бол бүх зүйл бэлэн болохыг хүлээх нь утгагүй. Эхлүүлээд сайжруулаад, хөгжүүлээд суралцаад л явах нь зүйтэй. Хувийн бизнес гэхээр хүмүүс, тэр дундаа залуучууд тооцоогүйгээр олон сая төгрөгийн зээл аваад бизнес хийнэ гэж зүтгэх хэрэггүй. 

Жижгээр эхэлж, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэхээр зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа эсэхийг шалгаж, судалбал эрсдэл багасна. Мэдээж эрэлт хэрэгцээ байгаа нь тодорхой болж, бүтээгдэхүүн үйлчилгээ тогтвортой худалдан авагчтай болсон гэж үзвэл нэмэлт санхүүжилтээр бизнесээ сайжруулж, томруулах нь зөв.  

-"Монголын бизнесийн орчин муудаж байна, эдийн засаг тааруу байна" гэж зах зээлийн шинжээчид, судлаачид хэлж байгаа. Одоо хувийн бизнес эхлүүлэх цаг мөн үү?

-Монголын эдийн засгийн байдал хүндэрч байгаа нь саяхан Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал тайлан мэдээгээр тодорхой болж байна. Өнгөрсөн жилийн эхний улирлын ДНБ 8%-ийн өсөлттэй байсан бол энэ жил 2.4%-тай гарчээ. Экспортын нүүрсний үнэ унаснаар улсын татварын орлого 1.4 их наяд төгрөгөөр тасарч байгаа юм байна. Төгрөгийн ханш он гарснаас хойш эрс суларлаа. Иргэдийн худалдан авах чадвар буурч, инфляц 8.6%-д хүрсэн байна. Ам.доллар 2015 оны 5 дугаар сард 1,943 төгрөг байсан бол өнөөдөр албан ханш 3,572 төгрөг байна. Ам.долларын ханш өссөнөөр импортоор авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. 

Хөдөлмөр эрхлэлтийн хувьд ч ажилтан хайсан компаниуд, байгууллагууд их байгаа боловч цалин хөлсний хэмжээ бага тул гадаад явж ажиллах, албан бус секторт ажиллах, хувиараа хөдөлмөр эрхлэхийг илүүд үзэж байна. 

Саяхан нэг ажилтнуудын ажлын байрны сэтгэлзүйн байдлын судалгааны үр дүнг харж байхад Gen Z буюу 2000 оноос хойш төрсөн залуучуудын хувьд ажлаас халшрах байдал өндөр байна. Мөн нэг ажил дээр дунджаар есөн сар болоод ажлаасаа гардаг, цалин хөлс, удирдлагын арга барил муу гэх мэт олон шалтгаантай байдаг аж.  

Гэхдээ нэгэнт хувийн бизнесээ хийе гэж шийдсэн бол тохиромжтой цагийг хүлээх хэрэггүй. Багаар эхэлж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийгээд, зах зээлээ судлаад явж байсан нь дээр. Харин ч хямралын үед эхлүүлсэн бизнесүүд зардлаа маш сайн хянаж чаддаг болсон байдаг. Түүнчлэн ямар зардлуудыг эхэлж төлөх ёстой, ямар зардал, бизнесийн үйл ажиллагааг нэн тэргүүнд хийх, эсвэл хойшлуулах гэдэг дээр дадал систем суусан байдаг. 

-Бизнесээ амжилттай байлгая гэвэл таны зүгээс хамгийн түрүүнд юуг зөвлөх вэ?

-Нэгэнт хувийн бизнесээ хийх гэж байгаа бол чаддаг, мэддэг бас хийх дуртай зүйлээ барьж аваарай. Та өөрийн хобби, дуртай зүйлээ хийж байгаа бол таны бизнес ямар нэгэн ажил, хийх ёстой даалгавар мэт санагдахгүй. Тиймээс бүтээмж өндөр, амжилтад хүрэх магадлал улам нэмэгдэнэ.

Үүний дараа мэдээж зах зээлийн болон ижил төстэй бүтээгдэхүүний судалгаа хийх хэрэгтэй. Залуус ялангуяа туршлагагүй гэж өөрсдийгөө голох хэрэггүй. Оюутны ширээнээс стартап бизнес эхлүүлээд амжилтад хүрсэн зөндөө түүх сонсож байсан байх. Мөн өөр салбарын бизнес хийгээд ч амжилтад хүрсэн бизнесменүүд зөндөө байна. 

Шалтаг тоочиж өөрсдийгөө хорьж цагдах хэрэггүй. Багаар эхэл, судалгаа хий, туршиж үз. Залуучууд бизнесээ эрт эхлүүлэхийн нэг давуу тал бол тухайн салбарт олон жил ажилласан хүмүүстэй харьцуулахад бизнес шийдлийг арай өөр, шинэ өнцгөөс хардаг, түүнийгээ турших зоригтой байдаг. Мөн тухайн шийдэл нь болохгүй бол өөрчилж засаад дахиад туршиж цаг хугацаа болон дасан зохицох чадвараар илүү санагддаг.  

-Бизнесээ дөнгөж эхлүүлэх гэж байгаа, шинэ санаа хайж байгаа хүмүүст таны хувьд ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-Миний хувьд сая “Startup MASTERCLASS” хөтөлбөрийн үед ажигласан зүйл гэвэл залуучууд өөрсдийн бизнесийн тулгамдсан бэрхшээл, бизнесээ хэрхэн хөгжүүлэх санаагаа ганцаарчлан ярилцах, шийдэл олоход зөвлөгөө авах сонирхолтой байдаг юм байна. 

Тиймээс ганцаарчилсан зөвлөгөө, туслалцаа үзүүлэх “Startup COACHING” хөтөлбөрийг санал болгож эхэлсэн. Энэ хөтөлбөрөөр хувийн бизнесээ эхлүүлж байгаа залуучууд, эхлүүлсэн бизнесээ сайжруулах талаар зөвлөгөө авах хүсэлтэй бизнес эрхлэгчид бизнес хөгжүүлэлтийн ямар боломжууд байж болох талаар ганцаарчилж ярилцах, зөвлөгөө авах боломжтой болж байгаа юм. 

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар залуу энтрпренерүүд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтын шийдлүүд, санхүүжилтийн хувилбарууд болон хэрэгтэй ур чадвартай ажилтныг хэрхэн сонгох, жижиг багийг хэрхэн удирдах зэрэг чиглэлээр өөрийн бизнесийн кэйс дээр зөвлөгөө авах боломжтой юм.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Та “Startup MASTERCLASS” хөтөлбөрийн ментор Б.Зулбаяраас ганцаарчилсан уулзалтын цаг авахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

Холбоотой сэдвүүд

гарааны бизнес стартап

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.