ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малыг амьдаар нь экспортлох асуудал дээр тайлбар өгсөн юм. Тэрбээр, 

"Би БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр малыг амьдаар нь гаргах талаар огт яриагүй. Харин мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тариа экспортод гаргах талаар ярилцсан. Ингэхдээ хил гаалийн үнэлгээ шинжилгээг түргэтгэх талаар ярилцсан. Урьд нь Засгийн Газрын 318 дугаар тогтоол гараад хэрэгжиж байгаа. Тогтоолд малыг амьдаар нь гаргаж болох талаар тэр дундаа үржлийн бус эр хонь, эр ямааны байж болох нөөцийн 20 хүртэлх нөөцийг гаргаж болохыг аймгуудын удирдлагуудад өгсөн. Өөрөөр хэлбэл мал хөлөөр гаргахыг аймгийн удирдлагууд мэднэ гэсэн үг. Бид зөвхөн бодлогын хувьд зөвлөнө. Энэ нь нөөц бололцоог тооцож өгөх үүрэг даалгавар юм. Одоогоор дөнгөж нөхцөл тохирч байна" гэлээ.

Хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлчид Ч.Улаан сайдаас хамаарал бүхий этгээд буюу түүний эхнэр О.Цэрэнбадамын төрсөн дүүгийн компани хонь, ямааг амьдаар нь хилээр гаргахаар болсон талаар тодруулсан юм. Харин тэрбээр "Хэний ч хүү бай, хэний дүү ч бай төрийн хууль, Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажиллана. Тэр хүн хууль дүрмийн дагуу намайг албан тушаалд очихоос өмнө ажиллаж байсан хоёр талын хөрөнгө оруулалттай компанитай. Би энэ асуудал дээр хуулийн дагуу ажиллаж байна. Би хадам дүүгийнхээ компанид давуу эрх олгоогүй. Шалгана гэвэл айж эмээгээд байх зүйлгүй" гэсэн юм.