Мах чанасан хүмүүс лабораторийн ажилтнууд биш

Л.Дэлгэрмаа
06 сарын 02, 2022

Эмээлтийн мах бэлтгэх үйлдвэрүүдэд хийсэн шалгалт, өмхий махтай холбоотой асуудлаар Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрээр Засгийн газар мах бэлтгэх үйлдвэрүүдийн хяналт, шалгалтын ажлын хэсгийг холбогдох яамд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэй томилсон гэж мэдэгдлээ. 

“МАХНЫ ЭКСПОРТ ХИЙДЭГ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО”

Шадар сайд С.Амарсайхан:


Монгол улсад дээрх чиглэлээр 173 ААН үйл ажиллагаа явуулж байгаагаас Эмээлтэд 32 ААНажиллаж байна. Үүнээс гадаад руу 61 нь мах экспортлодгоос Хятад улс руу 50  хувь гаргалаг байна. 

Тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийнэ. Эрүүл ахуйн стандартыг мөрдөж байгаа байгууллагыг хэвийн ажиллуулж, мөрдөөгүйд нь зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. 

Бидшалгалтыг олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоотой, зохион байгуулалттай хийж байна. 

Энэ салбарын үйлдвэрлэлийг цэгцлэх шаардлагатай болсон. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна. 

Сургууль цэцэрлэгийн хүнс, махны хангамжид стандартад нийцсэн мах, хүнс нийлүүлж байна уу гэдгийг шалгадаг. Төр аливаа асуудлыг хяналтгүй орхисон зүйл байхгүй.


“ХЭН Ч БАЙСАН ЛАБОРИТОРООР ШАЛГУУЛЖ ШИНЖЛҮҮЛЭХ ЁСТОЙ. МАХ ЧАНАСАН АСУУДАЛД ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ БАЙНА ”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:

Архивын зураг ашиглав.

"Эм Ди Си Пи" компанид махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэлээ. Мөн "ХКҮ" компани манай мах биш, нэрийн хаяг шошгыг ашигласан байна хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тус компани 2014 онд махны чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөл авсан, 2018 оноос эхлэн ажиллахгүй байсаар 2022 оноос эхлэн үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ чиглэлээ өөрчилж, махыг экспортод гаргаж байсан зөрчлийг илрүүлсэн. Прокурорын хяналт дуусахаар олон нийтэд мэдээлнэ. 

"Өргөө Мийт" ХХК-ийн үхрийн 8 тонн махны асуудал дээр МХЕГ шалгалт хийж байна. Нэг бүрчлэн тоолоход дулааны аргаар боловсруулсан шошгогүй буюу хаяг, огноо байхгүй 20кг-аар савласан 464 хайрцаг буюу 9,3 тонн орчим мах, мөн 20кг-аар савласан 20 хайрцаг дайвар бүтээгдэхүүнээс Мал эмнэлгийн лабораториуд дээж аван шинжилж байна. 

Шинжилгээний үр дүнгийн дараа тухайн мах өмхийрсөн байна уу үгүй юу гэдгийг мэдээлэх боломжтой.Мах чанасан асуудалд Мэргэжлийн хяналтын байгууллагын даргын хувьд би өөрөө шүүмжлэлтэй байгаа. Ер нь байцаагч ч бай, иргэн ч бай, хэн ч байсан бүтээгдэхүүнд ямар нэгэн асуудал байна гэж үзвэл лабораторид шинжлүүлэх ёстой. Мах чанасан хүмүүс нь лабораторийн ажилтнууд биш юм. 

Лацыг прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэн, хөндлөнгийн хүн хөндөж болохгүй. Хэрэв тэгвэл зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо хатуу хяналтаар шийднэ.Ер нь МХЕГ-аас мал эмнэлгийн газартай хамтран төлөвлөгөөт хяналт шалгалтыг улирал, хагас жилээр хийдэг. 

Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийгээгүй. Төлөвлөгөөт бус шалгалтыг 5-р сарын 18-наас улсын хэмжээнд махны үйлдвэрүүдэд хийж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.