МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үүсээд байгаа малын махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудлаар байр сууриа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ. 

Түүний хувьд Монголын бизнес эрхлэгчдийн төлөөллийн хамтаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотод албан томилолтоор ажиллаж яваа юм байна. 

О.Амартүвшин “Эмээлтийн махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудалд ул суурьтай хандаж иргэдэд бодитой, тодорхой мэдээллийг зөв өгөх хэрэгтэй байна. Бараг 2 жил махны экспорт хийгдээгүй. 

Олон компанийн үйл ажиллагаа доголдсон, хүндхэн байгаа. Стандарт дүрэм журмаа мөрдөж буй олон компани бий. Өнөөдрийн нөхцөл байдал төрийн байгууллагуудын уялдаа холбоо болон хурд ямар байгааг харуулж байна. 

Авлига нэхэх ашиг сонирхолтой үед бүгд л компаниудын үйл ажиллагаанд саад хийдэг. Хариуцлага хүлээх болохоор эзэн олдохгүй. Махны бизнестэй холбоотой ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, МХЕГ бүр Гадаад харилцааны яам хүртэл бид асуудлыг мэднэ гэцгээдэг. 

Эцэст нь бизнес эрхлэгчид л хохирдог. Одоо үүсээд байгаа нөхцөл мах махан бүтээгдэхүүний салбар тэр дундаа экспортод нэлээд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Махны холбоо үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Мэргэжлийн холбоод шинэ түвшинд гарах хэрэгтэй болсон гэдгийг ч харуулж байна. Салбараа хамгаалах, асуудал үүссэн бол яаралтай хянан шалгах, засаж залруулах ёстой. Мэргэжлийн холбоод мэргэжлийн танхим болох ёстой гээд байгаагийн агуулга нь ч энэ юм” гэжээ.