Хилээр амьд мал гаргах шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж болон зарим холбооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн  Б.Пүрэвдорж "2017 оны 11 дүгээр сард малыг амьдаар нь хилээр гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ ажлыг Махны холбоо анхааралтай ажиглаж байсан. Сүүлийн үед энэ ажил маш эрчимтэй явагдаж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор Монголын махны холбооноос Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нарт амьд мал экспортлохгүй байх талаар албан бичиг хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл хариу өгөөгүй. 

Амьд мал экспортлох асуудал хэдийнээ бүрэн бэлтгэгдээд ойрын хугацаанд буюу энэ сарын 17-нд экспортлоно гэсэн шийдэл гарч байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монголын махны холбоо, бусад мэргэжлийн холбоод мэдээлэл хийж байна.

Социализмын үед манай улс ОХУ руу мал экспортлодог байхад хилийн цаана хэд хэдэн том үйлдвэр барьчихсан байсан. Манай улс зүгээр л түүхий эд бэлтгэдэг орон болж хувирсан байсан. 1990 онд энэ үйл явц зогсоод, 1997 онд махны экспорт сэргэж эхэлж, 10 гаруй жилийн дараа махны экспорт тогтворжсон байгаа. 

Дээрх гашуун туршлага өнөөдөр Монгол Улсад дахин давтагдах гэж байна. Махны салбарт нийт 10 мянга гаруй хүн ажиллаж байгаа. Дээрээр нь өнгөрсөн жил 78 мянган тонн буюу 3 сая толгой малыг нядалж, экспортлосон. Ингэснээр олон үйлдвэр санхүү, технологио сайжруулах боломж бүрдсэн байгаа. 

Өнөөдрийн байдлаар нийт 5 сая хүртэлх толгой малыг экспортлох боломжийг Засгийн газраас олгож байгаа. Энийг нэг компанид давуу эрхтэй олгож буй нь гайхшрал төрүүлж байна. Тус компани энэ ажлыг хийхэд нийт 50 хүнтэй л ажиллана. Гэтэл үүний цаана бусад үйлдвэр хаагдах, санхүүгийн чадваргүй болох нөхцөлд орж байна. 

Үүнээс 2-3 жилийн дараа буюу Монголын үйлдвэрүүд хаагдсаны дараа дээрх компани Монголд үнэ тулгах, махыг хямд үнээр авах нөхцөл рүү орно. 

Нэг компанийн хүсэлтийн дагуу ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д айлчилж малын экспортын талаар ярилцсан. Дараа нь буюу өнгөрсөн долоо хоногийн эхээр МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү бас энэ компанийн хүсэлтийн дагуу БНХАУ-д очиж ажиллаж, тохирлын асуудлыг ярилцсан байгаа. 

Тэгэхээр одоо Ч.Улаан сайд, Н.Цагаанхүү дарга нар улаан цагаандаа гарч байна. Нэг компанийн төлөө Монголын махны экспортыг устгахаар явж байна. Тиймээс Монголын махны холбоо болон бусад мэргэжлийн холбоод энэ дээр нэлээд хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байгаа" хэмээн мэдэгдлээ.


Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.