Шинэ коронавирусийн анхны тохиолдол манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор мах, гурил болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хомсдол үүсэж мададгүй гэсэн сэрэмж иргэдэд байна. Улмаар зах, худалдааны төвүүд өнөөдөр ачаалал ихтэй, хөл хөдөлгөөн их байна.

Уг асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Улс оронд бий болсон эгзэгтэй нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх, хуримтлуулж авах сэдэл байна. Ер нь бол ингэх шаардлага байхгүй. Импорт, экспортын хэмжээ тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байгаа. Гэхдээ бид өөрсдийнхөө нөөцөөр багадаа 3-4 сар хүнснийхээ үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг хангана. 

Өнөөдрийн байдлаар хүн амын байнгын хэрэглээ болсон махны асуудалд санаа зоволтгүй. Улсын нөөцөд 12.000 тонн мах бэлдсэн. Улаанбаатар хотын 279 сүлжээ дэлгүүрээр борлуулж байна. Мөн үйлдвэр, ААН-үүдийн агуулахад 10.000 гаруй тонн мах хадгалагдаж байгаа.

Мах экспортлохгүй байгаа. Тиймээс экспортлохоор үйлдвэрсэн мах ч байгаа учир энэ хавар махны хомсдол үүсэхгүй гэдгийг мэдэгдэж байна. 

Хамгийн гол нь байгаа нөөцөө жигд хуваарилж, хүргэх ёстой цэгүүдэд нь тасалдуулалгүй хүргэж зохион байгуулах хэрэгтэй. Энэ чиглэлээр нийслэлийн Захирагчийн албанд ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа.

Гурилын хувьд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг гурилын үйлдвэрүүд бэлдсэн. Улсынхаа хэрэгцээний 80 хувийг хангах ургац хурааж авсан. Энэ оны эхнээс 60.000 тонн хүнсний буудай импортлох зөвшөөрөл олгогдсон. Түрүүч нь орж ирж байна. Иймд гурилын 3-4.5 сарын тогтвортой нөөц байгаа.

Борлуулагчид махны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн байвал ШӨХТГ-тай хамтран хяналт тавьж, хариуцлага тооцно. Махыг өдөр өдөрт нь нийлүүлдэг хэмжээгээр дэлгүүрүүдэд нийлүүлж байгаа. Тиймээс иргэд гэнэт их хэмжээгээр мах авахад тухайн өдрийн мах дуусах байх. Махны нөөц бол хангалттай байгаа. Өдөр бүр 100 тонн мах худалдаанд гардгаараа гарна. Иймд иргэд тайван байж болно.