Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүрийн 25-нд хийдэг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" сэдэвт хэвлэлийн хурлыг өнөөдөр хийлээ.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Оюутолгой болон Дубайн гэрээний талаар "Оюутолгойн гэрээний асуудлыг бид ярилцах ёстой. Оюутолгой бол Монгол Улсын эдийн засгийн салшгүй хэсэг болсон нь, улсын төсөвт жин дарж буй нь үнэн. Тэнд шууд 17.000, шууд бусаар 45.000 монгол хүн ажиллаж байна. Энэ рүү 10 тэрбум долларын хөрөнгө оруулаад явж байгаа нь ч үнэн. Тиймээс бид ухаантай шийдэх ёстой. 

Олон улсын бүх санхүүгийн байгууллага ирж уулзаж байна. Тухайлбал, IFC, Дэлхийн банк, Канад, Австралийн Элчин сайдууд ирж байна. Хөрөнгө оруулсан улсууд хөрөнгөндөө санаа зовж байгаа. Дээрээс нь 700-1000 орчим төслийн гүйцэтгэгч үндэсний операторууд тэнд нийлүүлэгчээр ажиллаж байна. Таван жилийн дараа дэлхийн хэмжээний үнэ цэнтэй боловсон хүчин болох манай залуус тэнд ажиллаж байна. Тэгэхээр бид Оюутолгойн гэрээн дээр нухацтай, зарчимтай, ухаантай байдлаар гаднынхантай ярилцахгүй бол болохгүй. 

Дубайн гэрээг бид зөвтгөөгүй. Тус гэрээг засаж сайжруулах, дараагийн хувилбарт нэмэлт өөрчлөлт хийх асуудлыг тавина гэж бодож байна. Рио Тинто компанийн удирлагууд болон Л.Оюун-Эрдэнэ даргад саналаа өгсөн. Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсгийг ахалж байгаа. Мэдээж мэргэжлийн байгууллага УУХҮЯ-ны зүгээс дороос нь маш олон судалгаа шинжилгээ хийж ажлын хэсэгт хүргэж байгаа" хэмээлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.