Санхүүгийн зохицуулах хорооноос орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан айл өрх, иргэд болон зээлдүүлэгч байгууллагыг эрсдэлээс хамгаалах зорилгоор ипотекийн даатгалыг тусгайлан шинээр бий болгон нэвтрүүлж, холбогдох журмыг батлан мөрдүүлж байна. Журамд даатгалын үйл ажиллагаа эрхлэгчид ипотекийн даатгалын бүтээгдэхүүнээ боловсруулан Хороонд ирүүлж, хянуулах болон бүртгүүлэхээр заасан.

Журам батлагдсанаас хойших хагас жилийн хугацаанд “МИГ даатгал” ХХК, “Монгол даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК, “Ард даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК, “Мандал даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК гэсэн найман компани бүтээгдэхүүнээ хянуулж, бүртгүүлээд байна.

Ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүд шинээр бий болсонтой холбогдуулан зээлдэгч-даатгуулагчдад дараах зөвлөмжийг өгч байна.

Даатгагч компани, даатгалын зуучлагч-банкаа сайтар судлаарай!

Даатгалын компани тань “Ипотекийн даатгал”-ын бүтээгдэхүүнүүдээ Хороонд бүртгүүлсэн байх ёстой тул нягтлаарай.

Ипотекийн даатгал нь “Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал”, “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал” гэсэн ХОЁР ТӨРЛИЙН бүтээгдэхүүнээс бүрдэх тул Та даатгалын хоёр гэрээ байгуулна.

Даатгалын компанийг эрхлэх үйлчилгээний нөхцөлөөр нь ердийн ба урт хугацааны даатгагч гэж ангилагддаг. Ердийн даатгалын компаниуд ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг аль алийг нь борлуулах боломжтой бол урт хугацааны даатгалын компани зөвхөн “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг борлуулна.

“Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-аар ердийн даатгалын компаниуд зөвхөн гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар  алдах тохиолдлыг даатгадаг бол урт хугацааны даатгалын компани гэнэтийн осол, өвчний улмаас зэрэг аливаа шалтгаант тохиолдлуудыг даатгана.

Иймд Та даатгалын компаниа сонгохдоо ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүдийнх нь онцлог, нөхцөл, давуу тал, хураамжийн хэмжээг харгалзан сонгоорой. Хоёр төрлийн бүтээгдэхүүнээ өөр өөр компаниас авсан ч болно.

Ипотекийн зээл олгож байгаа банкуудын дийлэнх нь даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тул даатгалын компаниуд, бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжоор Таныг хангах үүрэгтэй.

Даатгалын бүтээгдэхүүн буюу гэрээний нөхцөлүүдийг судалж, харьцуулаарай!

Даатгалын компаниудын Хороонд хянуулж бүртгүүлсэн ипотекийн даатгалын бүтээгдэхүүнүүд өөр өөрийн онцлог, ялгаатай тул гэрээнийхээ хасалтын болон хамгаалах нөхцөлүүд, даатгалын тохиолдол үүсэхэд бүрдүүлэх баримт бичиг, хураамжийн хэмжээ зэрэгтэй сайтар танилцаж, харьцуулж, асууж, зөвлөгөө аваарай.

Хороонд бүртгэн аваад байгаа ипотекийн бүтээгдэхүүнүүдийн ялгаатай нөхцөл, зайлшгүй лавлаж тодруулах шаардлагатай харилцааны заримаас танилцуулъя.

  1. Зарим зээлдэгчид шинээр орон сууц худалдан авах ипотекийн зээлийнхээ урьдчилгаанд хуучин орон сууцаа барьцаалах тохиолдол бий. Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалд зөвхөн шинээр худалдан авсан орон сууцыг даатгах боломжтой. Урьдчилгааны зээлд барьцаалсан орон сууцыг даатгуулах эсэхээ даатгуулагч өөрөө шийдэх ба даатгуулъя гэвэл боломж бий эсэхийг нягтлаарай.
  2. Ердийн даатгалын зарим компани даатгуулагчийн нас барах эрсдэлийн шалтгаануудад цус харвалт, зүрх гэнэт зогсох/хаагдах зэргийг нэмэх боломжтой.
  3. Барьцаа хөрөнгийг түрээслүүлэх үед даатгалаар хамгаалах эсэх нь компани тус бүрд харилцан адилгүй.
  4. Даатгалын тохиолдол гарсан бол 72 цагийн дотор компанидаа мэдэгдэх Таны үүрэг гэрээнд туссан байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй бол даатгалын нөхөн төлбөр олгох эсэх талаар гэрээнд заалт байгааг сайн хараарай.
  5. Таны банкнаас авсан нийт зээлийн хэмжээнд үндсэн ба хамтран зээлдэгчийн эзлэх хувь даатгалын компаниас авах нөхөн төлбөрийн  хэмжээг тодорхойлоход чухал нөлөөтэй. Иймд тус хувийг өөрчлүүлэх талаар даатгалын компани болон банкиндаа хандаж болох, эсэхийг урьдчилж сайн мэдээрэй.
  6. Жирэмслэлтээс үүдсэн даатгалын тохиолдолд нөхөн төлбөр олгох эсэхийг бас сайтар судлаарай.
  7. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан, бүр алдсаны аль ч тохиолдолд нөхөн төлбөрийг олгох, эсэхийг магадлаарай.
  8. Даатгагч зээлийн хүүгийн төлбөрийг төлөх эсэхийг нягтлаарай.
  9. Даатгалын хохирол үнэлгээний зардлыг хэн төлөх талаар асууж тодруулаарай.
  10. Таны өөрийн буруугаас үүдсэн даатгалын тохиолдолд нөхөн төлбөр олгох эсэхийг тодруулж мэдээрэй.
  11. Монгол Улсаас бусад улсад таны даатгал үйлчлэх эсэхийг гэрээний нөхцөлөөс сайтар судлаарай.

Эцэст нь компаниуд даатгалын хураамжаа Хороонд бүртгүүлсэн хувиас хэтрүүлэх, илүү хураамжийг Танаас шаардах эрхгүйг зөвлөж байна.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО