МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр болж буй МАН-ын Бага хурлын II хуралдааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Иргэд нам болон улстөрчдөд итгэх итгэл буурсан энэ цаг үед нам хэрхэн ажиллаж иргэдийн итгэлийг сэргээх вэ гэдэг бидний гол зорилт болоод байна. Энэ ажлын хүрээнд 2016 оны сонгуулийн ялалтын хүрээнд намаас сонгогдож, томилогдон ажил алба хашиж буй нөхдүүдэд ажлын хариуцлага ёс зүй тооцож, намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө хэрхэн ажиллаж буй зэргийг шат шатанд нь дүгнэх ёстой гэж үзэж байгаа. Ээлжит сонгууль өнгөрөөд 2 жил гаруйн хугацаа өнгөрчихлөө. Дараагийн сонгууль болоход бид хийсэн ажлаа дүгнүүлнэ. Үүнд бэлэн байхын тулд эдгээрийг хийж байна. Ёс зүйгээ ухамсарлахгүй, намын нэр хүндийг унагасан хүмүүст тухайн шат бүрт нь хариуцлага тооцно.

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт манай нам ялах бүрэн боломж байгаа. Тус тойрогт нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр судалгаагаар гарч ирсэн. Яг нэр дэвших хүнээ ирэх 9 дүгээр сарын 4-нд тодруулна. Тэр болтол шат шатны судалгаа хийж, 42 дугаар тойрогт МАН-ыг бүрэн төлөөлж чадах хүнийг сонгоно" гэдгийг хэллээ.