Х.Оргил
06 сарын 17, 2018
Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэхэд манай цагаар /06.16/ шөнийн 12 цагт эхэлсэн С хэсгийн Дани, Перугийн шигшээгийн халз тулаан 1:0-ээр Данийн багийн ялалтаар өндөрлөв.
Тоглолтын цорын ганц гоолыг "Тоттенхэм"-ийн К.Эриксений дамжуулалтаар Юсуф Поульсен хийлээ. Харин 1982 оноос хойш анх удаа дэлхийн аваргад оролцох эрх авсан Перучууд энэ тоглолтод олон довтолгоо хийсэн ч аз дутлаа. Перугийн багийн К.Куэва торгуулийн цохилт хийсэн ч хаалганы дээгүүр буудаж багийн ганц боломжийг алдаж орхисон юм.
Даничууд, ДАШТ-д дөрвөн удаа оролцохдоо нэг удаа л хэсгээсээ шалгараагүй бөгөөд 16-д хоёр, шөвгийн наймд нэг удаа үлдэж байв. Мөн 1992 онд Европын аварга болсон бөгөөд олимпоос 3 мөнгө, нэг хүрэл медальтай гээд шаггүй амжилтыг үзүүлсэн байна. Данийн агуу хаалгач П.Шмейхэлийн хүү Каспер өнөөдөр шигшээ багийнхаа хаалгыг сайн хамгааллаа. Өмнөд Америкийн Перу болон Европын Ютландын хойгт орших Дани улсууд анх удаагаа энэ ДАШТ-д учраа таарсан байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.