Биеийн тамир, спортоор эрчимтэй хичээллэж, өглөөний дасгал хийх нь эрүүл хүний төдийгүй бүр генээс үүдэлтэй зүрхний согогтой хүмүүсийн хувьд ч зүрхний шигдээс, цусан хангамжийн дутагдал, зүрхний цохилт гэнэт зогсох зэрэг өвчин даамжрах магадлалыг мэдэгдэхүйц бууруулдаг гэж Circulation сэтгүүлд зүрхний эмч нарын нийтэлсэн өгүүллэгт тэмдэглэжээ.
 
“Зүрхний өвчинд нэрвэгдэх хандлагатай болгодог генийн мутацитай байлаа ч гэсэн хүмүүс биеийн тамирын аливаа дасгал болон спортоос татгалзах хэрэггүй. Танд ийм мутаци байхгүй байлаа ч гэсэн өглөөний дасгалаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Бидний эрүүл мэндэд ген ч, хүрээлэн буй орчин ч нөлөөлдөг болохыг эрдэмтдийн багийн явуулсан ажиглалт, судалгаа нотолсон” гэж АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Эрик Ингельссон мэдэгдсэн байна. Спортоор хичээллэж, өглөөний дасгал хийдэг байсан эрүүл хүмүүс төдийгүй генийн мутаци тээгч хүмүүсийн хувьд үхэлд хүргэх аюултай зүрхний өвчнүүд даамжрах магадлал 32-50%-иар багасдаг болохыг эрдэмтдийн ажиглалт харуулсан аж.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик тоо баримтаас үзвэл, зүрхний шигдээс, тархины цус харвалт, зүрхний архаг дутагдал зэрэг зүрхний өвчнүүд нь дэлхийн хэмжээнд хүмүүсийн нас баралтын гол шалтгаан болдог ба эдгээр өвчнөөр дэлхийд жил бүр 17 сая орчим хүн нас бардаг ажээ.





Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг