Герман, Франц болон Италийн оршин суугчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч хэмээн үздэг болох нь Sputnik агентлагийн захиалгаар Францын “IFop” социологийн компаниас явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулсан байна. Санал асуулгад оролцсон германчуудын 34%, францчуудын 34%, италичуудын 38% нь Путиныг өнөө үеийн дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч гэж нэрлэжээ. Харин британичуудын 26%, америкчуудын 23% нь ийм саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
 
Хоёрдугаар байрт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орсон ба санал асуулгад оролцсон францчуудын 25%, германчуудын 27%, италичуудын 29%, британичуудын 33%, америкчуудын 43% нь түүнийг дэлхийн удирдагчид дотроос хамгийн хүчтэй нь хэмээн дүгнэжээ.
 
Гуравдугаар байрт БНХАУ-ын дарга Си Жиньпин орсон ба санал асуулгад оролцсон францчуудын 17%, германчуудын 19%, италичуудын 13%, британичуудын 9%, америкчуудын 4% нь түүнийг дэлхийн хамгийн хүчтэй удирдагч хэмээн үздэг аж.
 
Дөрөвдүгээр байрт Германы Канцлер Ангела Меркель жагссан ба францчуудын 9%, германчуудын 12%, италичуудын 13%, британичуудын 9%, америкчуудын 4% нь түүнийг дэлхийн хамгийн хүчтэй удирдагч хэмээн үзсэн байна.
 
Энэ оны гуравдугаар сарын 22-27-нд явуулсан уг санал асуулгад 18-аас дээш насны 5 мянга гаруй хүн оролцжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг