Nasdaq зах зээл дээр энэ оны арилжааны эхний өдөр Apple компанийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.долларыг давсан талаар мэдэгдлээ.

Тус компанийн хувьцаа оны эхний өдөр 182.88 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон бол тухайн өдрийн арилжаа хаагдах үед 182.01 ам.долларт хүрчээ. Үүний үр дүнд "Apple"-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 16 сарын дотор 2 их наяд доллараас 3 их наяд ам.доллар болтлоо өсч, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болж чаджээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, "тус компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, метаверс зэрэг шинэ зах зээлд анхдагч болж буйн зэрэгцээ хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнүүдээ ч үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэсэн хөрөнгө оруулагчдын итгэлийн ачаар зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларт хүрсэн дэлхийн анхны компани боллоо" хэмээсэн байна.

Apple компани цар тахлын үед дэлхий даяар онлайн шилжилт хийсний ачаар iPhone, iPad зэрэг бүтээгдэхүүнүүдээс гадна Apple TV, Apple Music зэрэг медиа үйлчилгээний борлуулалтаа эрс нэмэгдүүлж чадсан билээ. 

Уолл Стритийн шинжээчид Apple Хятадын ухаалаг гар утасны зах зээлийг тэргүүлж байгаа тул iPhone-ын эрэлт энэ онд ч өндөр хэвээр байх болно гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: JoongAng