АНУ-ын аялал жуулчлалын томоохон сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн сайхан 20 хотыг нэрлэсэн энэ оны жагсаалтад Япон улсын гурван хот багтсан тухай телевизийн “NHK” суваг мэдээлэв.

“Conde Nast Traveler” сэтгүүлийн уншигчдын саналаар Токио хот хамгийн сайхан хотоор шалгарсан бөгөөд тус хот нь гурав дахь жилдээ дараалан энэ жагсаалтыг тэргүүлж байгаа ажээ. Харин эртний нийслэл Киото хот хоёрдугаарт жагссан нь өмнөх оны үзүүлэлтээсээ нэг байраар ахисан амжилт гаргажээ. Үүний зэрэгцээ тус улсын баруун нутгийн Осака хот анх удаа энэхүү жагсаалтад багтаж, 12 дугаарт бичигджээ.

Японы хотуудын араас Австралийн Мельбурн, Австрийн Вена болон Германы Хамбург хотууд эхний таван байрт жагссан байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг