Саудын Арабын Рияад хотноо энэ сарын 9-19-ний хооронд дэлхийн нүүдэлчдийн "World Folk Vision" наадам болж өндөрлөлөө.

Энэ наадамд дэлхийн 100 гаруй орон оролцсон бөгөөд 8 төрлөөр гран при шагналтан тодруулсан байна. Манай улсаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжигч “Монгол костюмс” компани оролцсон бөгөөд "Этно хит", "Этно фэйшн" номинацид тэргүүлж ГРАН-ПРИ шагналыг нь хүртжээ. 

Этно хит төрөлд тэргүүн дээд шагнал хүртсэн Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ С.Цогтсайхан уртын дуугаа дуулсан нь наадамд оролцогчдын сонирхлыг татсан бол "Этно фэйшн" номинацид тэргүүлсэн  “Монгол костюмс” компанийн үйлчдийн урласан загварууд монгол хувцас урлалын сайхныг гайхуулж хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн анхаарлын төвд байжээ.

Энэ талаар тодруулахаар “Монгол костюмс” ХХК-ийн захирал, Дээлтэй Монгол наадмын санаачилагч Б.Сувдтай холбогдоход "Дэлхийд моод загвар, монгол хувцасны соёлыг таниулж чадсандаа маш их баяртай байна. Үндэсний хувцасны ард монголчууд бидний хувцасны соёл, түүх, бахархал, ёс заншил гээд маш олон зүйл бий" гэлээ.

Тоглолтын найруулагчаар Б.Баяр ажилласан  юм.

Мөн спортын төрөлд бөхчүүд маань алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн сайхан мэдээ дуулгалаа. Манай бөхчүүд 100 гаруй орны залуустай хүч үзэн 10,000 долларын бооцоот барилдаанд оролцсон бөгөөд Улсын начин Анар түрүүлж, улсын начин Серик үзүүрлэсэн байна.