Коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар гэх Омикрон вирусийн тохиолдол өмнөд Африкийн зарим орнуудад гарсан даруй Япон, АНУ, Их Британи зэрэг орнууд яаравчлан хилээ хааж, нислэгээ зогсоож, гадаад орнуудаас аялагчдыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос үүнд улс орнуудыг яаран сандран, хэт их сэтгэл хөөрөлтөд автсан арга хэмжээ гэж нэрлээд, шинжлэх ухаанд суурилсан, ухаалаг оновчтой арга хэмжээ авахыг уриаллаа. 

"Бид хараахан таньж мэдэж амжаагүй байгаа энэ вирусийн эсрэг иргэдээ хамгаалах гэсэн улс орнуудыг би сайн ойлгож байна. Гэхдээ хэд хэдэн гишүүн орнууд нотолгоонд суурилаагүй, үр дүнгүй, муйхар арга хэмжээ авсан нь дэлхий даяар тэгш бус байдлыг улам бүр даамжрууллаа" гэж тэрээр хэллээ. 

Өнөөдөр омикроноос болж нас барсан тохиолдол хараахан гараагүй байгаа ч халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж зарласан юм.

"Дахин хэлэхэд энэ хувилбарыг нээж илрүүлж, олон нийтэд мэдэгдсэн Ботсван, Өмнөд Африк улсуудад талархал илэрхийлье. Харин зөв зүйл хийснийх нь төлөө бусад орнууд тэдэнд шударга бус хандаж, шийтгэж болохгүй юм" гэжээ.

Женев хотод гурван өдөр хаалттай хуралдсан хуралдаан дээр Канад улсаас НҮБ-д суугаа Элчин сайд Лесли Нортон "Өмнөд Африкийн эрдэмтэд энэхүү шинэ хувилбарын талаарх мэдлэг, мэдээллээ цаг алдалгүй, дэлхий дахинтай нээлттэй хуваалцсан явдал нь бидэнд өмнөхөөсөө илүү хамгийн хэрэгтэй чухал зүйл болоод байна. Та бүхний үйлдлийн ачаар дэлхий дахинд цаг хожлоо" хэмээн талархал илэрхийлжээ.

59 сая хүн амтай Өмнөд Африк улсад өдөрт 2800 тохиолдол бүртгэгдэж байгаагийн дийлэнх нь омикрон аж. Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Жое Паала "паникдах ямар ч хэрэг байхгүй" гэжээ. 

Монгол Улсын УОК хамгийн сүүлд гаргасан шийдвэрээрээ омикрон бүртгэгдсэн улс орнуудаас ирсэн эсвэл дамжин өнгөрсөн хүмүүсийг хүлээн авахгүй гэж мэдэгдээд байна. 

Өнгөрсөн долоо хоногт Судан улсаас ирсэн 240 энхийг сахиулагчдыг Багабаян амралтад тусгаарлан ажиглаж байна. Одоогоор Монгол Улсад омикрон бүртгэгдээгүй.