УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж, өнөөдөр хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулав.

Үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Өнөөдөр АН эрх баригчдаас хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан АН-ын зөвлөл эхний асуудлыг хэлэлцэхэд байлцах шаардлага байгаа учраас хэлэлцэх хугацааг хойшлуулж өгөхийг хүсэж байна. 

Олон удаа эрх баригчдаас шаардсан зүйл биелэгдэхгүй, тоохгүй байгаа учраас хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаалыг зохион байгуулж байна. Өнөөдрийн нийгэмд болохгүй, бүтэхгүй зүйл маш олон болсон. Хэдийгээр эдийн засаг өссөн мэт ярьж, зарлаж байгаа боловч үнийн өсөлт явагдсаар буйд иргэд бухимдаж байна. 

Өнөөдөр бодит байдлыг харах юм бол архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэл, халдварт өвчин, авлига урьд өмнө нь Монгол байгаагүй хэмжээгээр засаг замбараагаа алдсан. Түүнээс гадна Засгийн газрын олон амлалт, хариуцлага тооцно гэсэн үгнүүд хий хоосон хийсэж буйд иргэд бухимдаж байна. Ялангуяа С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлах, Эрдэнэт үйлдвэр, 60 тэрбум, ЖДҮ, авлига, Оюу толгойн асуудал зэрэг энэ бүх зүйл шийдэлгүйгээс болж, иргэдийн төрд итгэх, тэр дундаа Засгийн газарт итгэх итгэл бүрэн алдарсан. 

Тиймээс энэ жагсаал цуглааныг зайлшгүй зохион байгуулах шаардлагатай гэж сөрөг хүчин үзсэн. Жагсаал өнөөдөр 10.00 цагт төв талбайд болно. Бүх иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Тиймээс нэгдүгээрт хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгнө үү" хэмээлээ.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хамгийн эхэнд "Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх товтой юм.

УИХ дахь АН-ын гишүүд чуулганы танхимд "ЖДҮ-ийн хулгайгаа шалга", "МАН ард иргэддээ амласан амлалтаа хэзээ биелүүлэх вэ", "Авлигатай, аллагатай, хулгайтай поп Засгийн газар" гэсэн үгтэй лоозон байршуулжээ.