“TУС солюшн" ХХК-ийн захирал, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай хийсэн ээлжит ярилцлагаа хүргэж байна.

-Өнөөдөр бидний нэг хэсэг нь бизнес эрхлэгчдийг баялаг бүтээгч гэж нэрлэж байна. Зарим нь олигархи, шуналтан гээд л элдвээр ч хэлдэг. Та энэ ойлголтыг хэрхэн тодорхойлох вэ?

-Өнөөдөр баялгийн тухай ярьдаггүй хүн алга. Үндэсний баялаг, газар доорх баялаг, оюуны баялаг гэнэ. Ер нь баялаг гэж юу юм бэ гэдгийг ойлгохын тулд бид тухайн зүйл нь хүнд ямар тустай, хэрэгцээтэй зүйл юм бэ, юугаараа үнэ цэн бүтээж байгаа талаар ухаж төнхөж үзэх хэрэгтэй. Маш олон төрлийн баялаг байж болно. Харин бидний  дийлэнх монголчуудад баялаг бол мөнгө гэдэг ойлголт давамгайлдаг. Мөнгөтэй л бол эрүүл, жаргалтай байна гээд ойлгочихсон учраас бидний байнга хэрэглэдэг олон ойлголтууд мөнгө гэдэг ойлголтыг л тойрон эргэлдэж байна. Нийгмийнхээ хөгжлийг хүртэл мөнгөөр хэмжих гэж оролдох юм.

Яг үнэндээ бодит амьдрал дээр мөнгөөр эрүүл мэнд, аз жаргал, хайр энэрэл, хөгжил дэвшлийг худалдаж авч чадах уу? Бидний амьдралын өнгөрсөн жилүүдийн маань гашуун туршлага хүссэн болгоноо мөнгөөр худалдан авч өөрийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй, боломжгүй гэдгийг  тод харууллаа. 


-Тэгвэл эхлээд хэрэгцээ гэдэг ойлголтыг ухаж ярилцая…

-Хүн бүрт маш олон хэрэгцээ бий гэж бид ярьдаг. Тэгсэн хэрнээ хэрэгцээ гэж юу вэ гэж асуухаар хариулж чаддаггүй. Энэ бол хэрэгцээ гэдэг ойлголтоо нарийвчилан задалж судалж үзээгүйн илрэл. 

Бид тухайн ойлголтыг илэрхийлж байгаа үгийг мэддэг байх нь түүний талаар мэдлэгтэй гэсэн үг биш шүү дээ. Жишээ нь хэрэгцээ гэдэг үг бол ердөө л тухайн ойлголтыг нэрлэсэн нэр үг болохоос уг ойлголтын агуулгыг илэрхийлж байгаа хэрэг биш.

Намайг Жаргалсайхан, чамайг Цэрэндолгор гэдэг шиг. Энэ хоёр нэр бидний тухай ямар нэгэн зүйл хэлж илэрхийлж чадахгүй. Ердөө л нэр учраас тэр. 

Гэтэл бид тухайн ойлголтын цаад утга учрыг нь мэдэхгүй байж л баруун солгойгүй шууд дүгнэлт хийдэг гэмтэй. Бүр шалгаж үзэхгүйгээр дүгнэлт хийдэг шүү. Ингэж хийсэн дүгнэлт өөрт нь болон өрөөл бусдад их хорлонтой. Адаглаад л үл ойлголцол үүсгэнэ. Тэгээд тэр нь цаашаа үл итгэлцэл, дайсагнал, хүчирхийлэл болж хувирна. 

Ойрын үед манай нийгэмд ихээхэн шуугиан тариад байгаа сүрьеэ, тэмбүүнээс  илүү гай тарьж байгаа өвчин бол мэдэмхийрэл. Төрийн түшээдээсээ  эхлээд жирийн иргэн хүртлээ бүгд мэдэмхийрнэ. Мэдэмхийрэх өвчин нь мэддэггүйгээ мэддэггүйгээс гаралтай гэж үздэг. 

Өнөөдөр манай нийгэмд болж байгаа хийрхэл нь мөн мэдэмхийрэхээс гаралтай. Хүч хөдөлмөр гарган байж баялаг бүтээж байгаа нэг хэсгийгээ хардана, атаархана, муулна, нэг хоч өгнө. Түүнийг нь дагаад босоо, хэвтээ, нэхүүл монгол гээд давхиж, хоорондоо эцэс төгсгөлгүй маргадаг, зөрчилддөг. 

Баахан үг, тоо цээжилчихээрээ монголчууд IQ өндөртэй, ухаантай гэж ойлгодог, угтаа цээжилнэ гэдэг чинь мэдлэг биш.  


-Тэгвэл мэдэх гэдэг чинь юу болж таарах вэ? 

-Олон янзаар тодорхойлсон байдаг боловч хэрэглэж буй үгнийхээ цаад утга учрыг, цэгцтэй, утга учиртай тунгааж ойлгохгүй байгаа хүнийг л энэ хүн юм мэддэггүй хүн гэдэг.  

Жишээлбэл эх орон гэдэг ойлголтыг аваад үзье. Эх орон гэж Газар шороо юу? Нийгэм үү? Хүмүүс үү? Эдийн засаг уу? Гол мөрөн үү? Агаар ус уу? Алт уу? Нүүрс үү? Мал сүрэг үү? Аргалын утаа юу? Аргалын утааны үнэр үү? гэдгийг ялгаж салгаж ойлгоогүй байж л эх орноо хайрла, хамгаал гээд л баахан шаагилддаг. 


-Байнгын уншигч нар маань өмнөх ярилцлагаас уншсан байх. Тухайн үгийн талаарх ойлголтоо мэддэг эсэхээ шалгах аргаасаа танилцуулбал?

-Өөрийнхөө хэрэглэж байгаа үгийн цаад утгыг нь мэддэг эсэхээ шалгах хялбархан арга байдаг тухай бид өмнөх ярилцлагуудад дурьдсан. 

Тухайлбал, эх орон гэж юуг хэлэх вэ гэдгийг мэддэг эсэхээ шалгая гэвэл эх орон гэдэг үгийг нь оруулахгүйгээр нэг өгүүлбэрт багтааж 30 секундын дотор томъёолж бич. 

Хэрэв 30 секундэд амжиж тодорхойлж бичиж чадахгүй бол та энэ үгнийхээ утгыг мэддэггүй гэдэг дүгнэлтийг баттай хийж болно. Ингэснээр тухайн үгээр нэрлэгдсэн ойлголтын хэв шинжийг огт мэддэггүй гэдгээ мэдэж авчихна. 

Нэгэнт мэддэггүй гэдгээ мэдээд авчихсан бол мэдэх оролдлого хийнэ. Ингэснээрээ мэддэг юм шиг мэдэмхийрч хуурамч царайлж явахгүй, бас өөртөө болон өрөөлд гай, лай болохгүй гэсэн үг. 

Харин дээрхи хугацаанд амжаад биччихвэл ямар нэгэн байдлаар урьд нь энэ талаар бодож эргэцүүлээд үзчихсэн, мэдэхийг оролдсон  гэсэн үг. 

Хэлж ярихын өмнө сайтар тунгаан бодохгүй бол таны амнаас гарч байгаа үг нь таны биед байдаг илүүдэл ялгадас хийг зайлуулах үүрэгтэй өөр нэг нүх сүвнээс гарч байгаа хийтэй яг адилхан агуулгатай боллоо гэсэн үг юм даа. 

Бид дараах нийтлэг алдаануудыг байнга гаргадаг. 

а/ Бид аливаа ойлголтыг мэдэж байгаа гэж боддог. Үнэн хэрэгтээ бид мэддэггүй. 

б/ Хүн эхлээд мэддэггүй гэдгээ мэддэггүй.

в/ Чухам юуг мэддэггүй вэ гэдгээ мэддэггүй.

 г/ Мэддэг, мэддэггүйгээ шалгах аргаа мэддэггүй.

Энэ олон мэддэггүйн ард нуугдаж, төөрч будилдаг. 

Асуухаар мэдэхгүй учраас би ерөнхийд нь ярьсан гэж мэдэхгүйгээ булзааруулна, би эхээс төрөхдөө бүх зүйлийг мэддэг байх ёстой юу гэж өөрийгөө өмөөрнө.

Яагаад мэддэггүйгээ мэдэж авах ёстой вэ гэвэл тэр олон мэдэхгүйн гай өөрт нь өөрийнх нь тогооноос халиад бусдад, нийгэмдээ төвөг болж байна. Гай болж байгаагаа өөрөө мэдэхгүй нь бүр эмгэнэлтэй. Мэддэггүйгээ нууж  өөрийгөө гэнэн, цайлган, итгэмтгий гэж зөвтгөнө. 

Бүх үгийн цаадах ойлголтыг ойлгож томъёолчих боломж тэр бүр байдаггүй ч хүн бүр дор бүрнээ нийтлэг хэрэглэдэг ойлголтуудаа заавал таньж мэдэх ёстой. Бүр заавал шүү. 


-Тэгвэл бизнес эрхлэгчид маань бизнес гэж юу болох талаар хэр зэрэг ойлголттой явдаг бол?

-Танил бизнес эрхлэгч, түнш эсвэл найз нөхдөөсөө асуухад бизнесийг ерөөсөө ашгийн төлөө гээд ойлгочихсон яваа нь анзаарагддаг.

Яг үнэндээ ашиг орлогыг олон аргаар олж болно. Худлаа хэлэх, хулгай хийх, луйвар хийх, хүний эсвэл зэвсэгийн наймаа эрхлэх гэх мэтээр ашиг олдог хүмүүс ч байдаг. Бизнес эрхлэнэ гэдэг бол ийм аргаар ашиг олохоос зарчмын хувьд эрс ялгаатай. Энэ ялгаа нь хүнийг хохироож биш хүнд үнэ цэнийг бүтээж өгөх замаар үр шимийг нь хүртэхэд оршиж байгаа гэж бодогддог.

Ашиг гэдэг тодорхой нөхцөлүүдийг бүрдүүлж байгаа түүний үр дүнд бий болж байгаа л зүйл. Аль ч компани дээр ажилтан, хувьцаа эзэмшигч, хэрэглэгч гэсэн 3 гол оролцогч компанийн үйл ажиллагааг бүрдүүлж байна. 

Энэ гурвыг холбож байгаа зүйл нь ердөө хүний хэрэгцээ шүү дээ. Тэдгээр оролцогч талуудын дунд хөдөлмөр, мэдлэг, цаг хугацааны нөөцийн солилцоо байнга явагдаж байдаг. 

Энэ гурван нөөц нь аливаа зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд бие биенээ нөхдөг нөөцүүд юм. Мөнгө бол зайлшгүй нөөцүүдийн нэг л төрөл буюу эрчим хүчний үүрэг гүйцэтгэдэг. Машинаар бол ердөө бензиний л үүрэг гүйцэтгэдэг зүйл шүү дээ. Мотор эвдэрчихсэн байхад хэчнээн их бензин хийлээ ч нэмэргүй. Үүнтэй л ижил. 

Эмгэнэлтэй нь одоогийн ихэнх бизнес эрхлэгчдийн хандлагыг харвал зөвхөн бензинээ бодоод яваад байна. Энэ чинь бизнесээ том зургаар нь харж чадахгүй байгаагийн тод жишээ. 


-Бүгд л бизнес бол ашгийн төлөө гэж ярьдаг шүү дээ…?

-Ингэж бодож яваа бизнес эрхлэгчийн толгойд өнгөрсөн үеийн хэвшмэл ойлголт гүн бат суучихсан гэсэн үг. Хуучин нийгмийн үед компани бол ашгийн төлөө байгууллага гээд тодорхойлчихсон юм. Тэр ойлголтоороо бид нэлээн хэдэн арваныг үдчихлээ. Одоо тэр хуучин сэтгэлгээнээсээ салах цаг болсон. Ашиг гэдэг бол тухайн бизнесийн үйл ажиллагааны  олон талт үр дүнгийн илэрч  байгаа нэг л хэлбэр.  

Ашгийг бий болгодог үйл ажиллагаа нь ихээхэн төвөгтэй, олон мэргэжил, ур чадвар, цаг хугацаа болон бусад  олон золиосыг шаарддаг, тэр чигээрээ асуудал дундуур туучсан процесс юм. Ийм нарийн төвөгтэй процессыг төлөвлөж, хэрэгжүүлж байж нийгэмд үнэ цэнийг бүтээж байгаагаа олон нийтэд таниулж ойлгуулах ажлыг байнга хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол хуучинсаг эсвэл бэлэнчлэх сэтгэлгээтнүүд тухайн бизнес эрхлэгчийн баялаг бүтээж байгаа үйл явцыг няц дарах аюултай. 


-Жишээ татаж ярьвал…?

-Уул уурхай дээр ярья л даа. Хийрхэгчид, популист улс төрчид уул уурхай руу яаж дайрч давшилж эхэлсэн билээ. Тухайн үед бусад салбарынхан дуугүй л ажиглаж суусан. Уул уурхайн бизнес эрхлэгчид нийгэмд бүтээж байгаа үнэ цэнээ олон нийтэд ойлгуулах ажлыг цэгцтэй, монгол сэтгэлгээний онцлогт тохирсон аргаар хийж чадсангүй. 

Үр дүнд нь юу болов? Өнөөдөр тэдгээр хийрхэгчдийн овоо хараанд өртөөгүй салбар гэж алга. Банк санхүүгийн салбарт үсчиж зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно ч гэх шиг. Шатахууны, махны эрэлт,  нийлүүлэлтээр зохицуулагддаг үнийг төрөөс барина ч гэх шиг. Эмх замбараагүй, хуучинсаг, бэлэнчлэх сэтгэлгээний аюул бизнес эрхлэгчдийн үүд хаалгыг хайр найргүй балбаж байгаа нь тэр. 

Хамгийн эмгэнэлтэй нь ААН, бизнес эрхлэгчийг дарамталж байгаа нь ч дарамтлуулж байгаа нь ч өөрсдийгөө зөв юм хийж байна гэж боддог, гүн итгэл үнэмшилтэйгээр шүү. Нөгөө л ойлголтын, сэтгэлгээний зөрүүний балаг, түүнээс үүссэн зөрчлүүд нийгмийн нөөцийг шавхаад байна.


-Үүнийг яаж цэгцлэх ёстой вэ?

-Энэ сэтгэлгээний зөрчилдөөнийг үгүй болгох ажлыг бизнесийнхэн өөрсдөө л манлайлж хийхээс өөр оновчтой арга байхгүй.Мэдээж нэг л өдөр хийчих ажил биш. Өөрсдийн сэтгэлгээгээ цэгцэлж хуучирсан ойлголтоосоо хурдхан шиг л салах ёстой. 

Бизнесийнхээ үйл ажиллагааг нийгмийн зайлшгүй нэг хэсэг нь мөн гэж үзэж нийгмийн эрх ашигт уялдуулсан загвараа гаргаж мөрдмөөр байна. Тэр загвараа, түүний хэмжүүр, шалгуур, шийдлүүдийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэж байж нийгэмтэйгээ нийлж нэг систем болно. Ингэхгүй бол бизнес эрхлэгчдийг олигархи, хөрөнгөтөн, баячууд, шуналтангууд гэдэг цол, гуншин өгч байгаад тал талаас чинь балбана. Балбуулсаар ч байгаа. 


Лам, бөөд очих эсвэл хэн нэг мундаг удирдагч гарч ирээд таныг тал талаас чинь балбаад байгаа хийрхэгчдийг болиулж, тулгамдсан асуудлуудыг чинь шийдвэрлэж өгөхийг хүлээх өөр нэг арга бий л дээ. 

Энэ тохиолдолд тулгарсан асуудлууд тань таны мөнхийн дагуул байх төдийгүй дараа дараагийн асуудлууд гарч ирсээр л байх болно. 


-Орчин үеийн монгол компаниуд өөрчлөлтийн салхийг мэдэрч эхэлж байна. Арга барилыг нь та хэрхэн дүгнэх вэ?

-Компаниуд өөрчлөлтөд соргог хандаж эхэллээ. Өөрсдийгөө эхлээд цэнэглэх, үйл ажиллагааныхаа мөн чанарыг таних гэсэн оролдлого, санаачлагууд зохион байгуулалтгүй ч гэсэн идэвхитэй  гарч ирэх болжээ. 

Гэхдээ тэр нь бас л өнөө цэгцгүй, хуучин арга барилтайгаа зууралдсан хэвээрээ л байна. 

Дарга нар асуудлыг ойлгохгүй байна, тэдэнд асуудлаа ярьж ойлгуулмаар байна гээд л…

Дарга нар юм ойлгодоггүй, бизнес эрхлэгч нар бүхнийг ойлгодогт учир байгаа юм биш. Даргын тархинд бизнесийн тухай ойлголтын нэг загвар, бизнес эрхлэгч хүний тархинд өөр нэг загвар, иргэдэд бүүр тэс ондоо ойлголт яваа учраас тэр. Тэгээд л хоорондоо бие биенээ тойрсон зодооноо ил далд аргаар хийдэг. 

Үүнээс хамгаалах хамгийн найдвартай сайн арга бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн загвартай болох. Тэр загвар нь нийгмийн хэрэгцээ шаардлагатай нягт уялдсан, нийгмийн бүх гишүүд ойлгож хэрэглэхэд хялбар байх нь чухал. Ингэж байж л нийгэм нь бизнес эрхлэгчдээ, бизнесийн орчныг нь дэмждэг болно. Ийм загвараас иргэн бүр аль ч бизнесээс шууд болон шууд бусаар хүртдэг үр шимээ цэгцтэй ойлгодог  тогтолцоо бүрдэнэ. 


-Гэхдээ төр, хувийн хэвшил хоёрт аль ч төрийн үед нэгэнтэйгээ ойлголцдоггүй асуудал байсаар ирсэн. Бизнес эрхлэгчдэд учирдаг гол ачаа нь энэ?

-Бизнес эрхлэгч нар яг энэ зовлонг байнга ярьдаг. Гэтэл Эйнштейний “Чи хэрвээ өөрийнхөө санаа бодлоо бусдад ойлгуулж чадахгүй байгаа бол чи өөрөө тэр ойлголтоо мэдэхгүй байна гэсэн үг ” гэж хэлсэн нь бий. 

Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид маань өөрсдөдөө тулгарч байгаа асуудлуудыг бусдад ойлгуулахын тулд эхлээд бизнесийнхээ мөн чанарын талаар өөрсдийнхөө мэдлэгээ шалга гэсэн үг. Мэдлэг дутмаг байгаа бол өөрсдийнхөө мэдлэгийг сайжруулах, танин мэдэхүйн арга барилд суралцах шаардлагатай. 

Чухам үүн  дээр л компаниуд манлайлах ёстой болж таараад байгаа юм даа... Гадны орны жишээнүүд ч байдаг. 


-Манлайллыг хүмүүнлэгийн ажил хийх гэдгээр хязгаарлаж ойлгодог компаниуд цөөнгүй. Үүний хор уршиг юу байх вэ?

-Өнөө л хуучны хэвшмэл ойлголтоос улбаатай зүйл. Тийм учраас л сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Олсон ашгаасаа хэдэн хүнд гэр, компьютер, түргэний машин авч өгөх нь айхтар үнэ цэн бүтээгээд байгаа хэрэг биш л дээ. Харин ч эсрэгээрээ бэлэнчлэх сэтгэлгээтнүүдийг бэлдчихдэг, тэднийг тэтгэх биш хорлох үйлдэл байгаа биз. Дараа нь халамж хүссэн, баахан зовлон зүдгүүр ярьсан үүдний манаачтай болчихно гэсэн үг дээ. 


-Манай компаниудын төлөвшилд тааруухан үнэлгээ өглөө. Ингэж дүгнэж буй хамгийн гол шалгуурыг нэрлэхгүй юу?

-Энэ орчлонд ганцхан мөнх зүйл байдаг нь өөрчлөлт юм. Бид мөнхийн өөрчлөлт дунд амьдарч байна. Тэр өөрчлөлт дунд хаана байгаа вэ, хаана байхыг хүсэж байна вэ гэдгээ мэдэхийн тулд байнга харьцуулалт хийж байх ёстой. Түүний тулд таныг хүрээлэн байгаа тэдгээр аливаа өөрчлөлтүүдийг таньж мэдэх ёстой. Тэгэж байж ямар арга замаар яаж, хаана нь явж байгаагаа мэднэ. Энэ өөрчлөлтийг шуурхай, бодитойгоор мэдэрч таньж мэдэж байж л урт хугацаанд тэсэж үлдэнэ. 

Сүүлийн 10-аад жилийг хар л даа. Өнөө л дэлхийд алдартай хөрөнгийн биржүүд дээр компанийнхаа үнэ цэнээр толгой цохидог байсан уул уурхайн, нефтийн, автомашины аварга компаниуд хэдийн тэргүүлэх байр сууриа алдсан. Тэд бол уламжлалт аргаар бизнес эрхэлдэг компаниуд. Ихэнх нь жагсаалтын доогуур бичигддэг болсон. Зарим компаниудын нэр сураггүй болчихсон. Тэдгээрийн эзэлж байсан манлайллын орон зайг  мэдлэгт суурилсан технологийн компаниуд баттай эзэллээ. Ингэж мэдлэгт суурилсан бизнес хүч түрэн орж ирж байгаагийн шалтгаан нь хүрээлэн буй орчныхоо өөрчлөлтүүдийг танин мэдэж дасан зохицсоных. 

Дэлхий даяараа л мэдлэг рүү тэмүүлж байхад зарим залуус уул уурхай руу хошуураад байгаа нь харамсалтай. Уул уурхайн салбар бол гарцаагүй ойрын ирээдүйд Монголын эдийн засгийн зүтгүүрийн үүргийг гүйцэтгэнэ. Гэвч шавхагддаг нөөцтэй, үнэ нь савлаж байдаг бизнес. Нөөц дуусчихвал хэчнээн шилдэг техник, экскаватортой байгаад яах юм.

Тэгэхээр компаниудын төлөвшилт, түүний өрсөлдөх чадварыг нь үнэлэх шалгуур нь уг компанийн дасан зохицох чадвар юм. Энэ дасан зохицох чадварыг үнэлэх шалгуур нь уг компанид ажиллаж байгаа хүмүүсийн эмх цэгцтэй, бүтээлч сэтгэлгээ юм.