Д.Нямхүү: Эдгэрсэн хүнээс яагаад дахин коронавирус илэрч буйг дэлхий, бас бид судалж байна

Б.Баясгалан
07 сарын 22, 2020

Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 21-нд нийт 461 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн 2 онгоцоор ирсэн 383 хүний гурав дахь давтан шинжилгээ, 7 дугаар сарын 02-нд АНУ-аас ирсэн 25 хүний давтан шинжилгээ, тандалтаар 15 хүнд хийсэн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээг хамруулсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 287 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 213 хүнийг эмчлэн эдгэрүүлсэн. Тэднийг дараагийн шатны сувилалд шилжүүлэн хянаж байна. Үлдсэн 74 хүн нь ХӨСҮТ-д эмчлэгдэж буй бөгөөд 60 хүний биеийн байдал хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д нийт 106 хүн тандалт, эмчилгээ, ажиглалтад байна. Өчигдөр 22:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 260 иргэн ирсэн. Мөн Австрали-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 00 цаг 54 минутад 48 хүн ирсэн. Эдгээрийн сорьцыг цуглуулан шинжилгээг хийж байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Нэг тайлбар хийхэд коронавирус бол тайлагдаагүй. Дэлхий судалж байна. Эмчлэгдэж тусгаарлалтад шилжсэн зарим хүний шинжилгээ эерэг гарч байна гэдгийг дэлхий бас бид судалж байна. 3 дугаар сарын 20-ны үед Солонгосчууд маш нарын судалгаа хийснээ тайлбарласан. Тодруулбал, эмчлэгдээд гарсан 100 орчим хүнээс дахин коронавирус илэрлээ гэсэн. Тэднийг гэрт гаргаж, нийтийн дунд оруулчихсан байсан учраас тэднийг хянаад бусдад халдварлаагүй байна гэсэн судалгааны материалыг дэлхийд танилцуулсан. 

Яг үүнтэй адил явдал Монголд тохиолдож байна. Манай улсад тодорхой хэдэн хүнээс эмчлэгдсэний дараа коронавирус дахин илэрч буй нь биднийг гайхшруулж байна. Энэ нь цаашид бусдад халдварлах уу үгүй юу гэдгийг дэлхийд тогтоогоогүй учраас бид зарим хүний хяналтын хугацааг сунгаж байгаа. Энэ бол бидний хянамгай, хашир байгаагийн шинж. Үүн дээр бидэнд буруу зүйл байхгүй. Цааш нь үргэлжлүүлэн хянаж шинжилгээ авна. Яагаад ингэв гэдэг дээр Монголын талаас чадлынхаа хэрээр судалж байна" гэдгийг онцлон хэллээ.

Холбоотой сэдвүүд

д.нямхүү коронавирус хөсүт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.