Коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байсан 5 хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс гарлаа. Улмаар нийт 20 хүнийг эдгэрүүллээ. Сүүлд эдгэрсэн таван хүний дөрөв нь 20-21 настай оюутан, нэг нь 55 настай эмэгтэй. Хамгийн удаан хугацаанд эмчлүүлсэн нь 55 хоног, бага нь 25 хоног эмчлүүлээд эдгэрч байна. 

Монгол Улсад нийт 98 хүн коронавирусийн халдвар авсан нь албан ёсоор батлагдсан. Тэдний 20 нь эдгэрсэн, 78 нь эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 171 хүн байна. Тэдэнд 38 эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлагдан эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. 

Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг, ЗӨСҮТ-ийн нэг лабораторт нийт 381 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй."

Үүнд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 190 хүний шинжилгээ, Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг хүн, Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг хүн, тандалтын зорилгоор хийсэн хоёр хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 5 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 40 жолооч, Дарханд тусгаарлагдаж байсан 10 хүн, тавдугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 132 хүний давтан шинжилгээ орсон" хэмээлээ.