Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 16-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймаг, ЗӨСҮТ-ийн лабораториудад нийт 438 хүний сорьцод шинжилгээ хийлээ. 437 хүнээс нь коронавирус илрээгүй, 7 дугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ. Тус нислэгээр ирсэн 240 хүнд шинжилгээ хийхэд нэгээс нь илэрлээ. Энэ нь 18 настай эрэгтэй. 

Мөн ажиглах байранд тусгаарлагдсан 72 хүнийн давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 18 жолооч, Сэлэнгэ аймгийн Баруун хараа хотод зам засварын ажил хийж буй 32 хятад ажилчны шинжилгээ, 6 дугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 75 цэргийн албан хаагчийн гурав дахь давтан шинжилгээг хийсэн бөгөөд бүгдээс нь коронавирус илрээгүй.

Өнөөдөр 2 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Нэг нь 58 настай эрэгтэй бөгөөд 42 хоногт эдгэрсэн. Нөгөө нь 59 настай эрэгтэй 30 хоногт эмчлэгдэн эдгэрлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 262 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 211 хүнийг эмчлэн эдгэрүүлсэн. Одоо 51 хүн эмчлүүлж байна. Тэдний 50-ынх нь биеийн байдал хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д өнөөдөр нийт 116 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байна" хэмээн мэдээллээ.