Гоо сайхны дэлгүүрээс тос худалдан авахдаа хэдэн онд үйлдвэрлэснийг, найрлагад нь чухам юу орсныг заавал асуудаг. Эсвэл хувцаслахдаа өнгө зохицлыг нь тааруулж өмсөхийг хичээдэггүй хүн ховор. Тэгсэн хэрнээ кола уух, хэт их цадталаа хооллохын хор хөнөөлийг хүмүүс төдийлэн анхаарч чадахгүй байна. Харагдахгүй учраас хүссэнээ зооглож “үлдсэн ажлыг” нүдээ аниад дотор эрхтэндээ л даатгаж орхидог бидний хэнэггүй зан дотор өөх гэгч дайсныг бий болгож орхидог ажээ. Хэвийн жингээсээ хэтэрсэн хүн бүхэн өөртөө илүүдэл өөх тээж яваа гэсэн үг. 1 бүр 10-20 кг өөхтэй ч хүн байдаг аж. Гэтэл ийм хэмжээтэй жинтэй торыг өдөр болгон бариад явж байвал бид хэчнээн түүртэх билээ дээ. Ийм л учраас тарган хүмүүс стресст илүү өртдөг болохын сэтгэл зүйчид баталсан байна. Дотор өөхний хэмжээ хэвийн хэмжээнд байгаа тохиолдолд биед тустай. Харин хэвийн хэмжээнээс давсан үед эрхтнүүдийг шахаж, үүний улмаас зүрхний шигдээс, судасны бүдүүрэл үүсэх, гормоны өөрчлөлт орох, бодисын солилцоо гажуудах, хавдар үүсэх эрсдэлтэй байдаг. 

Ижил хэмжээтэй өөх булчин хоёрыг харьцуулж үзээрэй

Уг нь монголчууд саяхныг болтол илүүдэл жингийн тухай ойлголт ч байсангүй. Энэ нь нүүдэлчин амьдралын хэв маягтай холбоотой. Үнсээ асгахын тулд дорж хаяж 2 км орчим явдаг, бие засахын тулд мөн л энэ хэмжээний газар алхдаг байж. Гэтэл одоо илчлэг ихтэй хоол идээд л буйдан дээр суудаг, гар утас компьютерийн ард удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг зуршил өнөөгийн илүүдэл жинтэй хүмүүсийн тоог эрс нэмэгдүүлсээр байна.

2009 онд манай иргэдийн дунд илүүдэл жин, таргалалт 31 хувьтай байсан бол 2013 оны судалгаагаар иргэдийн 50 гаруй хувьтай болоод өсчихсөн. Дөрөвхөн жилийн дараа ингэж их өссөн гэсэн үг. Түүнээс хойш цогц судалгаа гараагүй байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн 90 гаруй хувь нь амьдралын буруу хэв маягаас болж жин нэмсэн бол 10 орчим хувь нь дааврын өөрчлөлт, эрүүл мэндийн шалтгаанаас болсон байдаг.

Үүнд хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол дээр дурьдсанчилан хөдөлгөөний дутагдал, идэвхгүй амьдралаас гадна буруу хооллолтын хэв маяг нөлөөлж байгаа талаар СХД-ийн шим тэжээл судлалын эмч Х.Саруултуяа хэлэв. 

Тухайлбал бид монголчуудын дуртай банштай цай гэхэд маш өндөр калори агуулдаг хоолны нэг ажээ. Бас үл зохицолдох хүнс гэгддэг байна. Учир нь маханд цус багадалтаас хамгийн сайн сэргийлдэг төмөр агуулагддаг. Харин сүү кальциар баялаг. Гэтэл төмрийн шимэгдэлтийг кальци бууруулдаг эсрэг үйлчилгээтэй. Тийм учраас л мах идлээ ч төмрөө, сүү уулаа ч кальциа авч чадахгүй. Мөн гурил орсон учраас та ямар ч шим тэжээлгүй өндөр илчлэгтэй хүнс идчихсэн гэсэн үг. Тиймээс л хүн хэт их банштай цай зооглосны дараа өөрийн эрхгүй нозоордог нь ходоод хэт их ачаалал авсныг илрэл байх нь ээ. Хэрэв банштай цайны шим тэжээлийг утгаар нь авмаар байгаа бол эхлээд баншаа хэдэн цагийн дараа сүүтэй цайгаа уух ёстой. Төмрийн бэлдмэл кальци хоёрыг зэрэг хэрэглэдэггүй нь мөн л үүнтэй холбоотой. Тиймээс уухдаа цагийг нь холдуулж хэрэглэдэг байна. Зэрэг уувал аль нь ч биед амин дэм болж үлддэггүй.

Дотор өөхийг үүсгэдэг бас нэгэн монгол хоол бол хуушуур. Хуушууранд илчлэг өндөр агуулдаг мах өөх, гурил ордог. Үүн дээр нь олон дахин хэрэглэсэн тосонд шарж байгаа учраас их хэмжээний калори агуулдаг ажээ. Харахад 3-4 ширхэг боловч таваг хоолноос ч их илчлэгтэй гэсэн үг. Энэ бол хуушуур таныг таргалуулна, идэж болохгүй гэж нэрлэн дурьдахдаа бус түүнийг шингээх хөдөлгөөн л хийх хэрэгтэй гэж хоол хүнсний шим тэжээл судлаачид дурьдаж байна.

Таргалалт гэгчийг хөдөлгөөн хийж, хоолоо зохицуулахгүй бол насан туршдаа дотор өөхтэй найзална гэж СХД-ийн эмч Х.Саруултуяа ярьж байна. 

Маргарин ч бас таны дайснуудын нэг юм. Ганц таргалуулаад зогсохгүй дотрын өвчтэй болгодог. Учир нь химийн аргаар гаргаж авсан хатууруулсан ургамлын тос учраас эрүүл мэндэд жирийн амьтны гаралтай тосноос ч хор хөнөөлтэй гэдэг нь тогтоогджээ. Урт наслаж эрүүл амьдралыг эрхэмлэдэг улсууд хэдийнэ маргаринаас татгалзаж эхэлсэн. Тиймээс тос худалдаж авахдаа hydrogenated plant oil, transfat зэргийг агуулсан эсэхийг шалгаж байгаарай.Транс тосыг нэг удаад идэхэд л хүний бие махбодиос хоёр жилийн дараа гадагшилдаг. Урт хугацаанд хэрэглэвэл зүрх судасны өвчин, цус харвалт, үргүйдэл, чихрийн шижин болон зарим төрлийн хорт хавдраар өвдөх эрсдлийг нэмэгдүүлнэ, үргүйдлийг үүсгэнэ гээд дэндүү олон уршигтай хүнсний нэг ажээ.

Нэг үеэ бодвол хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дээшилж навчит ногоог түлхүү хэрэглэх болжээ. Гэвч төмс луувантай адилхан хэт удаан буцалгавал амин дэмээ алдчихдаг гэнэ. Энэ төрлийн ногоог буцалж байгаа усанд 2-3 минут л буцалгахад хангалттай гэсэн.

Бас нэг буруу ойлголт нь хар талх, гурвалжин будааг олон хүн таргалуулдаггүй гэж эндүүрдэг. Мэдээж цагаан гурилаас илүү бор нь ач тустай. Бор гуриланд ислэг гэж зүйл агуулагддаг. Ислэг гэдэг зүйл хүний биеэс өтгөнтэй хамт гадагшилж чаддаггүй ходоод гэдэсний нугалаа хэсэгт үлдсэн зүйлийг биедээ шингээн зайлуулдаг ач холбогдолтой. Гэтэл одоо бидний хэрэглэж байгаа дээд зэргийн цагаан гурил бол үүнийг хэт цэвэрлэчихсэн, ашигтайг нь аваад хаячихсан гэсэн үг.  Бас бор гурил илүү уураг агуулдаг.  Цагаан, хар талхны өнгө нь ч үйлчилгээ нь өөр. Гэхдээ сайн гээд хэтрүүлэн идэж болохгүй. Мөн л ижил илчлэгтэй учраас таргалуулдаг ажээ.

Тарган хүн биедээ бүх төрлийн шим тэжээлийг  биш өөхийг л агуулсан байдаг. Хэт туранхай байх нь бас л эрүүл бусыг илтгэдэг. Учир нь туранхай хүмүүсийн ихэнх нь шим тэжээлийн дутагдалд орсон байдаг ажээ.

Шим тэжээл судлаачдын хэлж буйгаар дотор өөх ямар нэгэн тураах эм, зууш төдийхөнөөр арилдаг зүйл биш. Тиймээс түүнийг арилгахаар шийдсэн л бол та спортоор хичээллэхээс өөр арга байхгүй. Хэрэв турахыг, жингээ багасгахыг хүсч байгаа бол танд ямар ч целлюлит хайлуулах бүтээгдэхүүн аппарат ашиг тусаа өгөхгүй нь нэгэнт батлагдсан. Харин биеийн хөлc хүчээ гаргаж гүйж харайж дасгал хийж байж л дотор өөх хайлдаг юм байна. 

Харин хоолоо хянаж, дасгал хийх дургүй хүмүүст зориулсан арга бий. Энэ бол ходоодны бөмбөлөг юм. Энэ бөмбөлөгийг мэсийн бус аргаар дурангийн тусламтайгаар ходоодонд байрлуулдаг. Жилд 25 кг хасах шидтэй энэхүү үйлчилгээг манай эмнэлэгүүдэд ч хэдийнэ нэвтэрч эхэлсэн байна.