Б.Баясгалан
05 сарын 29, 2019
Нийгэмд үүсээд буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэл хийлээ.
Тэрээр "Сүүлийн өдрүүдэд АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа эрүүл мэндийн салбар, Эрүүл мэндийн сайд руу дайрч доромжлон, жагсаал цуглаан хийж буйтай холбогдуулан энэхүү албан ёсны мэдэгдлийг хийж байна.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн зөвлөл үндэсний хэмжээнд хийсэн сүрьеэгийн тархалтын анхны судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байна. Үүний үр дүнд сүрьеэгийн халдвар өвчлөлийг эрт илрүүлэн эмчилж байна. Хэрэв энэ үзлэгийг цаг алдалгүй зохион байгуулаагүй бол сургуулийн сурагчдын эрүүл мэндэд ямар эрсдэл учрах байсныг төсөөлөхөд ч бэрх.
1990 оноос хойш дахин сэргэсэн халдварт сүрьеэ өвчин дэлхий нийтийн асуудал болсон учраас 2017 онд сүрьеэгийн асуудлаар Москва хотод Эрүүл мэндийн сайд нарын их хурал, 2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамбели түүхэндээ анх удаа сүрьеэгийн асуудлыг тусгайлан авч хэлэлцсэн. ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр жилд 10.4 сая хүн сүрьеэгээр өвдөж, 1.8 сая хүн нас барж байна. Үүний 45 хувь нь Энэтхэг, Орос, Хятад улсад бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газар ч энэ асуудалд анхаарал хандуулж, халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталсны дотор сүрьеэгийн талаар авах арга хэмжээг онцгойлон тусгасан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн ЭМД-ын сангаас санхүүжүүлэн орон даяар анх удаа 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд 4 багцаар урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна. Энэ үзлэгт сүрьеэгийн тохиолдол түлхүү бүртгэгдэж байгаа 18-34 насны иргэдийг хамруулж байгаа бол ЕБС-уудын хувьд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг газар дээр нь очиж хийж байна.
Өнөөдрийн байдлаар тандалтад үндэслэн 90 сургуульд хийхээс 25-ыг хамруулж сүрьеэгийн өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж эмчиллээ. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ. Эрт илрүүлэг, эмчилгээ, эмч мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд сүрьеэгийн тохиолдол жил ирэх тусам буурч байна.
2013 онд 4111 тохиолдол, 2014 онд 4172, 2015 онд 4275, 2016 онд 4045, 2017 онд 3779, 2018 онд 3498 тохиолдол бүртгэгдсэн байна. Цаашид бодлогын үйл ажиллаагааны хүрээнд сүрьеэгийн тохиолдлыг эрчимтэй бууруулах зорилттой бид ажиллаж байна. Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн онцлогийг үндэслэн цалинг 30 хувиар нэмэгдүүлсний дээр үлдсэн бусад чиг үүргийн мэргэжилтнүүдийг хамруулахаар бид ажиллаж байна.
Одоогийн байдлаар сүрьеэгийг илрүүлэг оношлогоонд 16 зөөврийн рентген аппарат ашиглаж байгаа бол Засгийн газар энэ онд дахин 5 аппаратны зардлыг шийдээд байна. 2015, 2016 онд сүрьеэгийн тоног төхөөрөмжид 1.1 тэрбум төгрөг зарцуулж байсан бол сүүлийн 2 жилд улсын төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг зарцууулаад байна.
Сүрьеэгийн чиглэлийн хүний нөөцийг бүрдүүлэх үүднээс Глобал сангаас санхүүжүүлэн эмч мэргэжилтнүүдийг тэтгэлэгт сургалтад хамруулж, эхний ээлжид 36 эмч мэргэжилтэн бэлтгэж байна. Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, иргэддээ эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох, зөв зан үйлийг төлөвшүүлэх нь эрүүл мэндийн салбарын үндсэн язгуур бодлого юм.
Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч бодлого төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 5 жил тасалдсан эрүүл мэндийн хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт албан ёсоор орууллаа.
Эдгээр ажлын үр дүнд хүүхэд залуусын дунд мэдэгдэхгүйгээр тархаж байсан олон өвчин, түүний дотор сүрьеэ өвчинг эрт илрүүлж, арга хэмжээ авч байна.
Ж.Амарсанаа таны сүрьеэ өвчний талаар ярьж буйг огтхон ч буруутгахгүй байгаа бөгөөд харин энэ өвчинтэй тэмцэж, эрт илрүүлж оношлох, голомтыг нь устгах, өвчнийг эмчлэх хүнд хүчир хөдөлмөрийг багахан цалинтай хийж байгаа эмч ажилтнуудын зүтгэлтийг үгүйсгэж, цээжээ дэлдэн хашхирч байгааг эрс эсэргүүцэж байна.
Таныг эрүүл мэндийн салбараар тоглож, өвчөөр улс төр хийхээ зогсоохыг шаардаж байна. Та Эрүүл мэндийн дэд сайд байхдаа ХӨСҮТ-ийн ажилтнуудтай хийсэн уулзалт дээр "Та нар сүрьеэ л яриад байх юм. Элэгний С вирус их байна" гээд асуудлыг шийдвэрлэлгүй хаяад явсан порткол үлдсэн байна. Дэд сайд байхдаа сүрьеэгийн асуудалд хуруугаа ч хөдөлгөөгүйд салбарын нөхөд гомдолтой байдгийг танд дуулгая.
Таны улс төрийн үйл ажиллагааны цаана хувийн ашиг сонирхол тань нуугдаж байдгийг баримтаар хэлье. Таны хувийн "Хаппи веритас" лаборатари Засгийн газрын "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаа. Ингэхдээ та шинжилгээ сөрөг гарсан 1882 хүн, эмчилгээнд огт ороогүй 4442 хүн, нийт 6324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх хуурамч баримтаар Эрүүл мэндийн даатгалын сангаас 758 сая төгрөг авсан байх магадлалтай байна.
Эрүүл мэндийн даатгалаас авсан энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад бид хандсан. Хууль хяналтын байгууллага таны энэ үйлдлийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэйг ЭМДЕГ-т мэдэгдсэн байна.
Энэ мэт олон асуудлыг хууль хяналтын байгууллаг тогтоосны дараа олон нийтэд мэдээллэх болно. АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга МУ-ын Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр эрх ашгийн зөрчилтэй, иргэдийн өвчнөөр бах таваа хангадаг, бодит байдлыг гуйвуулан улс төрийн ашиг хонжоо хайдаг хүн ажилладагт нэн харамсаж байна. Ялангуяа улс төрийн намын харъяаллаас түдгэлзэж, ард олныхоо эв нэгдлийг чанд сахих хуулийн өмнө хүлээсэн үүрэгтэй Ерөнхийлөгчийн зөвлөх ийм бусармаг үйл ажиллагаа явуулж буйг анхааралдаа авна гэдэгт итгэж байна.
Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж, иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчдын урам зоригийг мохоосон энэхүү увайгүй үйлдлийг таслан зосоохыг уриалж байна. Эрүүл мэндийн салбар сүрьеэ төдийгүй тандалт судалгаанд үндэслэн хүн амын дунд зонхилж буй өвчний чиглэлээр бодлого, зорилтоо чиглүүлж ажиллаж, монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно" хэмээн мэдэгдлээ.
Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.
Эрүүл мэндийн сайдын мэдээллийг 15:30 минутаас үзнэ үү.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан жагсаалаас гэрэл зургаар хүргэж байна.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.