Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.  Хуралд Дэд сайд Л.Бямбасүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа нар оролцож, үүсээд буй нөхцөл байдалд хариу тайлбар өгч, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдын нөр их хөдөлмөрийг улс төртэй хольж хутган,  ажил цалгардуулахгүй байхыг хүслээ. Мөн энэ үеэр  салбарт хийгдэж буй томоохон ажлуудаас онцлон танилцуулсан юм. 

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:

"Сүрьеэ өвчнийг онцолж яриад байгаа нь ялгарлан гадуурхалтыг бий болгох аюултай. Ер нь сүрьеэ өвчин өнөөдөр л гараад байгаа өвчин биш. Эрүүл мэндийн сайдаар  Ж.Амарсанааг ажиллаж байхад гарч л байсан шүү дээ. Тухайн үед эрчимтэй арга хэмжээ авах боломж ч байсан юм билээ. Харин ч бид өнгөрсөн оноос орон даяар сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, урьдчилсан сэргийлэх үзлэгийг эрчимтэй хийж байна. Өнөөдөр болсон жагсаал хууль журмын дагуу ч гэсэн эмч эмнэлгийн ажилтны нөр их хөдөлмөрийг үгүйсгэсэн хэрэг боллоо. Шаардлага дээр АН-ын Эрүүл мэндийн зөвлөлийн дарга гээд биччихсэн учраас улс төржүүлж байна гэж үзэж байна" гэлээ.