УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 3 асуудал хэлэлцсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар нэгдүгээрт, сүүлийн үед гараад буй эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонслоо. Хоёрдугаарт, Улсын Ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан саналыг хэлэлцсэн. Гуравдугаарт, АТГ-ын дарга, дэд даргын тухай асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрсэн.

1. С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээллийг сонсоод МАН-ын бүлэг 3 шийдвэр гаргалаа.

  1. Хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн, ардчилсан Монгол Улсад байж боломгүй асуудал байна. Тиймээс эрүүдэн шүүсэн бичлэгийг олон түмэнд ил болгох нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн. Энэ асуудлаар УИХ Засгийн газарт шийдэл өгч, Засгийн газар шийдвэр гаргах нь зүйтэй.
  2. Хоёрдугаарт энэ асуудалд УИХ-аас Ажлын хэсэг гаргах хэрэгтэй. УИХ-ын даргын шийдвэрэээр эрүүдэн шүүсэн, цаашлаад хууль хүчний байгууллагуудтай холбоотой асуудлаар судалж үзэх, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл бэлтгэн гаргаж Ажлын хэсэг байгуулах хэрэгтэй байна.
  3. Эрүүдэн шүүсэн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрлээ.

2. Хуулиар Улсын ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа. Тиймээс шинэ орлогчийг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцдөг. Хэдий зөвшилцөх асуудал гэсэн ч УИХ-ын гишүүдийн олонхын саналыг авах ёстой. МАН-ын бүлэг өнөөдөр уг асуудлыг хэлэлцээд хойшлуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Үндсэн шалтгаан нь С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудлыг УИХ яаралтай хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэтэл прокурорын томилгооны асуудлыг түр хойшлуулъя гэж үзлээ. 

3. АТГ-ын дарга, дэд даргын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн 5 дугаар сард УИХ-д албан бичиг хүргүүлсэн. Одоогийн дарга, дэд дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан учир томилж өгөөч гэж хоёр хүний нэр ирүүлсэн. Энэ асуудлаар УИХ, Байнгын хороо хэлэлцээд бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй гэж үзэн, өргөн барьсан 2 хүний асуудлыг хэлэлцэх боломжгүй байна гэсэн шийдвэр гаргасан. Өнөөдөр АТГ-ын дарга, дэд даргын хугацаа дууссан эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байгаа юм байна. Тийм учраас эрхзүйн хувьд маргаантай байгаа асуудлыг УИХ-аар яаралтай шийдэх шаардлагагүй байна гэж үзээд АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан" хэмээн мэдэгдлээ.