Улсын Ерөнхий прокуророос өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналыг өнгөрсөн мягмар гарагт УИХ-д хүргүүлсэн.

Уг асуудлыг өчигдөр УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороо хэлэлцсэн. Гэвч орой 17 цагийн үед мэдээлэл хийхдээ тус дэд хорооны дарга Ц.Нямдорж "УИХ-ын гишүүн Г.Солтан байхгүй, орон нутагт ажиллаж байгаа. Маргааш ирэхээр нь гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Байхгүй үед нь хэлэлцэх боломжгүй" хэмээсэн юм. Тэгвэл Улсын Ерөнхий прокуророос гишүүнийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн тохиолдолд уг асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн хугацаатай.

Тус хугацаа өнөөдрийн 14.00 цагт дуусгавар болно. Тиймээс тус цагаас өмнө  УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороо болон Байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх ёстой юм. Гэвч чуулганы ирц бүрдэхгүй байгаа энэ үед уг асуудлыг хуулийн хугацаанд амжиж шийдвэрлэх эсэх нь эргэлзээтэй байна.