Улсын Ерөнхий прокуророос өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналыг УИХ-д хүргүүлсэн.

Уг асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх хуулийн хугацааны дагуу УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хэлэлцсэн. Гэвч УИХ-ын гишүүн Г.Солтан орон нутагт ажиллаж байсан учир тус дэд хороо ирэхээр нь буюу өнөөдөр үргэлжлүүлэн хуралдахаар болсон юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Солтан өчигдөр орой Баян-Өлгий аймгаас онгоцоор яаралтай ирсэн байна.

Тэгвэл өнөө өглөө УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо дээрх нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай эсэхийг хэлэлцэн шийдвэр гаргажээ.

Энэ талаар тус дэд хорооны дарга Ц.Нямдорж "Ерөнхий прокуророос ирүүлсэн саналын дагуу 4 гишүүний асуудлыг хэлэлцлээ. Прокуророос ирүүлсэн санал, дүгнэлтүүдтэй танилцлаа. Мөн холбогдсон гишүүдийн байр суурийг ч сонслоо.

Улсын Ерөнхий прокурор уг асуудлыг шалгаж дуусаагүй, гэхдээ дуусах дөхөж байгаа гэдгийг хэлсэн. Мөн тус 4 гишүүн АТГ-аас дуудсан цагт нь очиж тус бүр нэг нэг удаа байцаалт өгсөн байна. Тиймээс гишүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд сааж учруулсан гэж үзэхгүй байна. 

Тийм учраас энэ удаад Ерөнхий прокурор шалгалтаа дуусгатал нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шаардлагагүй гэсэн дүгнэлтэд дэд хорооны гишүүд 100 хувь санал нэгдлээ" хэмээн мэдэгдлээ.

Ингэснээр УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээргүй болж буй юм.

УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.