АН-ын байранд Гэр хорооллын хөдөлгөөний тэргүүн Э.Бат-үүл мэдээлэл хийлээ. 

 Э.Бат-үүл:

"Сүүлийн үед над руу чиглэсэн гүтгэлгийг явуулж эхэллээ. Тодруулбал, “Улаан бал” нэвтрүүлэг болон бусад телевиз, сайтуудаар илт гүжирдэн дайрлаа. Намайг хулгайч, дээрэмчин, алуурчин болгон гүтгэх ажиллагааг сүүлийн 30 жил хийж байгаа. Эхэндээ журмын анд С.Зоригийнхоо амийг хөнөөсөн гэдэг байсан бол сүүлдээ С.Цогтсайханыг хөнөөсөн болгон дайрч эхэллээ. Шүүх хуралдаан болохоос өмнө нь намайг буруутан ялтан болгон харлуулах ажиллагаа эрчимтэй явагдаж байна.

Энэ бүх гүтгэлгийн цаад зорилго нь миний эхлүүлсэн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг харлуулах л байсан. Тэр нь ч зорилгодоо хүрч гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон. Хүнийг ар хударгаар нь гүтгэхээ боль. Би шударга шүүхээр орж өөрийгөө цагаатгуулмаар байна. Сүүлдээ гэр бүл рүү минь дайрч эхэллээ.  Намайг шүүхийн шийдвэр гарахаас өмнө гэм буруутан болгон харлуулах ажил явагдаж байна. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ямар байдалд оруулсныг харлаа. Энэ хүн үе үеийн Ерөнхий сайдуудаас хамгийн мундаг нь байсан. Өнөөдөр энэ хүнийх шиг хувь заяа намайг хүлээж байна. Шүүхээр хүнийг айлгадаггүй юм шүү гэж хэлмээр байна.