Дөнгөж саяхан мөр зэрэгцэн суусан ч, өнөөдөр өглөө мэнд мэдэн зөрсөн боловч, хэдхэн хоногийн өмнө ажлаа хийж анд нөхдөөр хүрээлүүлж шуугилдаж явсан хэрнээ, өчигдөрхөн ирээдүйн талаар бодож, хуваалцаж байсан ч тэр алга. Сүнс нь хэдийн энэ ертөнцөөс зуурдаар хальж, хайртай хүмүүсийнхээ зүрхэнд үүрд үлджээ. Харамсалтай нь санах бүрийд хэзээ ч үл мартагдах бараан дурсамжтай хагацлын мөртэйгээр…Хэн байсан нь, юу хийсэн нь үүрд мартагдаж хүний хорвоод амиа хорлосон гэх хар тамгатайгаар үлдсэн тэдний ард ямар түүх нуугдаж байдаг бол? Хөндүүр, магадгүй зарим нэгний хэзээ ч ярихыг хүсдэггүй энэ сэдвээр анх удаа хөндсөн баримтат кино “Хүрд” (The Wheel) энэ өдрүүдэд үзэгчдийн хүртээл болж байна. 

Энэхүү кино Амстердамын олон улсын баримтат киноны фестивал (IDFA)-ийн дунд хэмжээний баримтат киноны төрөлд шилдэг кино (“Best Film”)-оор шалгараад байгаа юм. 

Ази, Европ, Латин Америкийн орнуудад зохион байгуулдаг хүний эрхийн чиглэлийн 20 гаруй кино наадамд уригдан оролцож, дэлхийн 20 гаруй орны үзэгчдийн хүртээл болоод буй уг кино монголдоо анх удаа гарч байгаа нь энэ. Уран бүтээлчдийн хувьд үхэл амьдралаар ээлжилдэг амьдралд хүний эцсийн сонголт нь егүүтгэл битгий байгаасай учир нь гаргалгаа заавал байдаг юм шүү гэдгийг илэрхийлэхийг хүсжээ. Бас амиа хорлолт бол зөвхөн л хувь хүний асуудал бус нийгмийн, бодлогын гажуудал гэдгийг тодотгосон байна.

 

Өнөөдрийг хүртэл зүрх сэтгэлийг нь шаналгадаг өнөө л асуулт хэвээрээ


Зуданд малаа алдсан Баяраа хөдөөнөөс ээжтэйгээ хотод шилжин ирдэг. Амьдралын эрхээр хаягдал төмөр цуглуулж, уурхайд ажиллах зэрэг янз бүрийн ажил хийнэ. Гэтэл нэг л өдөр ээжийг нь хордлогын төв дээр дуудаж, хүүд нь юу тохиолдсоныг дуулгадаг. Өөрөө санаатайгаар үхлийг сонгон хоёр нүднээс өөр хөдлөх зүйлгүй амь тэмцэн тарчлах хүүгээ хараад тэр гэнэтийн цочролд оржээ. Эхэд нь энэ бүхэн яавч төсөөлөгдөшгүй хүнд зүйл байв. “Амьдрал маань хэцүү, олсон хэд маань шинэ оймс ч худалдан авахад хүрэлцдэггүй. Гэхдээ хэзээ ч амьдралаас зугтах талаар бодож үзээгүй” гэж эрс шулуухан өгүүлнэ. Моонийсон хуруугаа үрчин амиа хорлосон хүүгийнхээ тухай ярихдаа “Хүний л эх хойно үрээ саналгүй яахав, яахаараа ийм зүйл болчихдог байна аа…” гэж хоолой зангируулан ярихдаа хэдийнэ өөрийгөө буруутгаж, зүрх сэтгэлдээ ялласаар яваа нь илт.

Эх сэтгэлийн дарамтад төдийгүй эдийн засгийн дарамтад ч оржээ. Хүүгийнхээ үлдээсэн багахан өрийг төлж дуусгасан байна. Өр яахав төлөөд дуусах зүйл. Өр зүрхнээсээ мартаж чадахгүй, өнөөдрийг хүртэл зүрх сэтгэлийг нь шаналгадаг өнөө л хариултгүй асуулт. “Яагаад, яагаад, яагаад…?” 

Амьдралын даваа нугачаанд бүдэрсэн ч, үхэж үрэгдсэн ч эх үр, ах дүү, амраг хайрын холбоо хэзээ ч үл тасарна. Магадгүй үүрд явсан хүн нэг үхдэг бол ард үлдсэн хүмүүс нь хэрхэн насаараа тарчилж, шаналдгийг эдгээр түүхүүд батална. 

Хагацал гашуудлын шарх үл анина. Амиа хорлосон хүмүүсийн ар гэрийнхнээс эргэн тойрны хүмүүс, айл хөршүүд нь хүртэл цэрвэнэ. Ойр зуураа шивэр авир ярилцах нь энгийн л үзэгдэл мэт санагддаг талаар "Хүрд"-ийн баатрууд дурдлаа.


“Хүрд” баримтат киноны найруулагч, сэтгүүлч Л.Номин уран бүтээлийнхээ талаар "Манай улсад амиа егүүтгэх үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болж байгаа талаар хөндсөн юм. Хүмүүс юунаас болж ийм байдалд хүрч байна, амиа хорлох хүртлээ хэр их зовж, шаналдаг. Энэ бүхний шалтгаан нь юу вэ гэдэгт хариу хайх цаг болжээ. Энэ нь улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал доройтож, хүний эрх  зөрчигдөж, шударга ёс үгүйлэгдэж байгаатай холбоотой гэж үздэг сэтгүүлчийн хувиар үзэл бодлоо дүрстэй, зураглалтайгаар үзүүлэхийг  хүссэн, зорьсон юм. Амьдрал, үхэл ээлжилдэг. 

Хүрд эргэж л байна. Хүрдэн хэлхээт хорвоод хүний амьдрал, үхэл, сонголт, улмаар хүн бүр ч хоорондоо холбоотой.

Иймээс хүн болгонд сонголт байдаг шиг хүн болгонд итгэл, найдвар байх ёстой. Бид нэг л хүрдээр холбогдсон хорвоод мөр зэрэгцэн амьдарч байгаа улс. Тиймээс хүнд байдалд орсон нэгнээ гадуурхах, чичлэх, тойрон зугтах нь хүний ёсноос гадуур явдал гэдгийг бас илтгэж байгаа юм." хэмээн ярьжээ. 


Асуудалд заавал гарц байдаг, зүрх сэтгэлийнхээ угт ёлтойх итгэлээ бүү алдаарай

Амьдралын алаг цоог, даваа нугачаанд бүдчин яваа нулимстай түүхтэй дүрийн нэг бол идэр залуу нэгэн. Амьдрахын төлөө өдөр шөнөгүй зүтгэлээ ч авсан хэдэн төгрөг нь хүрэлцдэггүй. Энэ үед найз бүсгүйн гэр бүлийн зүгээс “Танайх чинь шоронгийн хашаанд байдаг гэл үү”, “Миний дүүгээс сал” гэх мэтээр ядуу зүдүүгийн зовлонгоос үүдсэн элдэв дарамт салсангүй. Эцэст нь тэд салах шийдвэр гаргахад найз бүсгүй нь эргэж ч харалгүй явжээ. Араас нь харж зогсохдоо цээжинд нь хар юм тээглэн, хаягдаж гологдсон таагүй мэдрэмждээ дийлдэнэ. 

Хаашаа ч явах гарцгүй мэт санагдаж байж ядан шаналахдаа тэр эргэлзэж тээнэгэлзэлгүй амиа егүүтгэхээр шийджээ. 

Үхэх үү, амьдрах уу гэдэг асуултаас аль амрыг нь сонгосон гэв. Гэвч тэр амьд үлдсэн. Гоё сайхан үгээр илэрхийлж хэлээгүй ч тэр амьдралд хайртай хэвээрээ. 

Түүн шиг сонголт хийж амь насаа егүүтгэх оролдлого хийсэн ч дүү нар нь нүдэнд нь харагдаж үхэж л болдоггүй юм шүү гэж амьд гарахаар шийдсэн өсвөр насны охин ч бас ийнхүү ярьж байна. Учир нь гарцаагүй байдал гэж байдаггүй. Сэтгэл хөдлөлөө дарж, ухаалгаар харж чадвал амьдрал боломжоор дүүрэн аж.


Айлын хүүхдүүдэд дээрэлхүүлэхдээ ахыгаа маш их санаж шаналдаг, яагаад намайг орхиод явчихсан юм бол гэх өсвөр насны охины зүрх зүсэм яриа, учраа мэдэхгүй балчир ч миний аав тэнгэр дээр байгаа гэж шулганан аавыгаа зурах бяцхан охины өчил, гэнэтхэн амиа егүүтгэсэн ханиа одоо ч ойлгоогүй, тэр явдалд итгэхийг ч хүсдэггүй залуу эхнэрийн цээжиндээ даахгүй гомдол, гуниг харууслыг  “Хүрд” баримтат кино бүрэн зурагласан байв. Уран бүтээлчид нь нийгмийн зааг ялгааны золиосыг, амиа хорлогсдын чимээгүй хашгирааныг, бодит байдлыг анх удаа ийнхүү зоригтой илчилжээ.


Гэвч асуудалд сонголт, гарц заавал байдаг. Гар хугарвал гэмтлийн эмчид, элэг зүрх өвдвөл дотрын эмчид үзүүлдэг шиг сэтгэл өвдсөн, шаналж гутарсан үедээ та СЭМҮТ-д хандахыг зөвлөе. Энэ талаар тус “Хүрд” баримтат киноны найруулагч, сэтгүүлч Л.Номин “Өнөөдөр бид Фэйсбүүкэд юу болж байгааг мэддэг хэрнээ хажуудаа байгаа хүнээ анзаарах сөхөөгүй явдаг. Хэтэрхий завгүй амьдралдаа түүртээд бид тусламж хэрэгтэй нэгэн рүүгээ эргэж харах завгүй л гүйгээд байна. Бие биенийгээ зүгээр хараад өнгөрөх биш тогтоод хараад үзээрэй. Ээжийгээ, хүүгээ, найзыгаа, хамт ажиллаж байгаа хүнийг ч анзаар. Хамт суугаад цай уусан ч болно. Ямар нэгэн түүхийг сонсож, сэтгэлийг нь хуваалцаад үзээрэй. Ингэхэд л тэр хүний сэтгэл санааны байдал мэдрэгдэнэ. Хайр дүүрнээр сэтгэл, ухаанаа тэвэрч харилцаж байгаарай гэж л хэлмээр байна” хэмээн хэлсэн юм.

Бичлэг үзэх:

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн их эмч сэтгэл зүйч Ж.Гантулга “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд стрессийн шалтгаант сэтгэцийн эрүүл мэндийн тасаг гэж бий. Манайхны нэрлэдгээр архаг ядаргааны тасаг, бие болоод сэтгэл зүйн ядаргаанд орсон хүмүүс голдуу хэвтдэг. Энэ тасагт ихэвчлэн ажлын хэт ачаалал, дарамтанд орсон хүмүүс хэдэн зуугаараа дугаарлан хэвтэж эмчлүүлж байна. Манай эмнэлэгт физик, эмийн, сэтгэлзүйн гэсэн гурван эмчилгээ хийлгэдэг. Гэтэл зарим хүмүүс асуудлаа шийдэхгүй зугтаагаад байдаг. Гэтэл асуудал нь араас нь дагасаар улам томорсоор явдаг. Тиймээс цаг алдахгүй мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөдөг. СЭМҮТ 7015 0520 дугаараар холбогдож болно.” гэв

Хүн болгонд хайрлаж, хайрлагдаж, сонсогдож ойлгогдох хэрэгцээ байдаг. 

Таны тусламж, дэмжлэг, сонсох хүсэл, тэврэлт, инээмсэглэл, халамж, тайтгаруулалт, чин сэтгэлийн дулаан үгс хэн нэгний амийг аварч чадах хүчтэй гэдгийг бүү мартаарай


♦Амиа хорлох талаар бодож буй хүнээс илрэх магадлал бүхий зан үйл:

- Зан араншин огцом хурдан өөрчлөгддөг болох

- Үхлийн талаар их ярьдаг болох эсвэл үхэхийг хүсэж буйгаа хэлэх

- Ганцаардсан, орхигдсон, үл хүндлэгдсэн, хэн ч түүнд тусалж чадахгүй талаар ярих

- Болчимгүй үйлдэл ихсэх

- Зөрчил маргааны дараа онцгой дуугүй, нам гүм болох  

- Их хэмжээний эм хадгалах

- Энгийнээс их эсвэл бага унтах

- Захиж үлдээж буй мэт ярих

- Онцгой их түгшүүр, сандралтай болох