Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар батлав.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, 18 хүртэлх насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх, толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг олгож буй. 

Эдгээр тэтгэмжид 2020 оны байдлаар 116.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс хүүхэд асарсны тэтгэмжид 197 мянган эхчүүд хамрагдаж, 90.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 

Харин энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хууль батлагдсанаар 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж авч байсан эх хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эцэгт нь олгох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн. 

Уг хуулийн үйлчлэлд 20 гаруй мянган аав хамрагдах тооцоолол гараад байгаа юм.


Эх сурвалж: ХНХЯ