“Эх үрсийн баяр”, “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна

Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 01, 2023

Монгол Улсад 1925 оны тавдугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдорж журмын нөхдийн хамт хүүхдийн байгууллага, хөдөлгөөнийг санаачлан бий болгосон тухай түүхэнд бичигдэн үлджээ. 

Үндэсний төв архивд хадгалагдаж буй баримтаас дурдвал, Монгол Улсад 1950-1951 онуудад тухайн үеийн төрийн төв хэвлэл “Үнэн” сонины эхний нүүрэнд тэргүүн өгүүлэл, 2-3 дугаар нүүрт Монголын болон ЗХУ-ын хүүхдүүдийн аж амьдрал, сургууль боловсролын талаар өгүүлэл нийтлэгдэж байжээ.

Монгол Улс 1952 оноос зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж, хүүхэд багачуудад зориулсан олон үйл ажилагааг улс орон, байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж ирсэн.

Ардчилсан хувьсгалын дараа 1991 оны нэгдүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан “Хөдөлмөрийн хууль”-ийн “Нийтээр амрах баярын өдөр” гэсэн 32 дугаар зүйлийн 3-т “Эх үрсийн өдөр 6 дугаар сарын 1” гэж анх хуульчлан тогтоосон. 

Монгол Улсын Засгийн газар 2002 оны зургадугаар сарын 1-нд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн хөтөлбөрийг /2002-2010/ хэлэлцэн баталж, хэрэгжүүлж байв.

Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 1949 оны арваннэгдүгээр сард Парис хотноо хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнуудыг энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн түүхтэй.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1959 онд арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан. Уг тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж тэмдэглэжээ.

НҮБ түүнийг анхааралдаа авч, Хүүхдийн эрхийн тухай конвенцыг 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд Ерөнхий ассамблейн чуулганаар баталжээ. Түүнд дэлхийн хамгийн олон буюу 191 орон нэгдэн орсны дотор Монгол Улс 1990 онд 5 дахь орон болжээ.

Энэ конвенцын үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг Монгол Улсын их хурлаас 1996 оны тавдугаар сарын 8-нд батлан гаргажээ.

Монгол Улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байгаа бөгөөд нийт хүүхдийн 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй байна. 

2022 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 11818 хүүхэд байгаа бол хагас өнчин 36.4 мянга, бүтэн өнчин 2.9 мянган хүүхэд байна.2022-2023 оны хичээлийн жилд 1.0 сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ.

Хүүхдийн эрхийн өдрийг өдгөө дэлхийн 40 гаруй орон өөр өөрсдийн онцлог, уламжлал, ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монгол Улсын хувьд иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр ирсэн билээ.

Эх үрс энх амгалан, инээд баяраар бялхаж байх болтугай! 

Холбоотой сэдвүүд

хүүхдийнбаяр хүүхдийнэрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.