Зохиолч Трейси Шорн 2006 онд гэрлээд зургаан сар болж байтал нэгэн гэнэтийн захидал хүлээж авсан нь түүний нөхрийн нууц амрагаас хаягласан байв. "Нөхөр чинь хаана байгаа бол гэж гайхаж байна уу, надтай хамт байна" гэсэн захидал ирсэн тухай Leave a Cheater, Gain a Life: The Chump Lady’s Survival Guide буюу "Араар тавигчыг орхи: Амьд үлдсэн эмэгтэйн өгөх зөвлөмж" номын зохиолч эргэн дурслаа. 

Шорны нөхрийн нууц амраг хийсэн зүйлээрээ бахархаж, эхнэрээс нь салгах ажиллагаа нь амжилттай байгаа талаараа бичиж эхлэхэд түүнд улам л хүнд болжээ. "Тэгээд би тэр эмэгтэй рүү утсаар ярьж "Бурхан минь, би жирэмсэн л биш байгаасай гэж бодож байна" гэж хэлсэн. Ингэж хэлэхийг минь сонсоод тэр уйлчихсан. Сонин байсан" хэмээн HuffPost-д ярилаа. Шорн утсаар ярьж дуусаад нууц амрагт нь баярласнаа илэрхийлжээ, "Тэр эмэгтэй буруу зүйл хийсэн, гэхдээ надад хэлсэнд нь би баярласан. Сайн зүйл бодож хэлээгүй ч гэсэн хамаагүй. Эцэст нь би түүнээс салсан". 

Шорнд тохиолдсон явдал өөр олон хүний эргэлзээг төлөөлнө. "Би хэлэх ёстой юу?", "Хүмүүсийн амьдралд хошуу дүрэх нь зөв үү?" гэж маш олон хүн өөрөөсөө асуудаг. Хэн нэгэн рүү утас цохихоосоо өмнө тэр хүн нэг шөнийн алдаа хийсэн үү, хэсэг хугацаанд энэ зүйл үргэлжилж байгаа юу гэдгийг тунгаах чухал гэж Нью Йоркийн сэтгэл судлаач, бэлгийн гажиг, согогийн эмч Меган Флеминг хэллээ. 

"Араар тавилт нь нэг удаа болоод өнгөрсөн, тэр хүн гэр бүлээ хадгалж үлдэх хүсэлтэй байгаа бол би ам нээхгүй. Ийм нууцыг өөртөө хадгалаад үлдэх хэцүү, гэхдээ араар тавьсан тал нь алдаагаа ухаараад, зассан бол зүгээр байгаа харилцааг та нурааж мэднэ". 

Нэгэн цагт нууц амрагийн "пайз" зүүж явсан зохиолч Кейт Роузыг амраг нь зөв гэж бодсоноо хийхийг дэмжжээ. Гэсэн ч тэрбээр энэ тухай өөртөө хадгалахаар шийдсэн. "Бид хамтдаа хоёр жил байсан, би хэн нэгний өмнөөс сонголт хийхийг хүсээгүй. Би амрагаа хүчилж, эсвэл барьж босгосон итгэлцлээ нураахыг ч хүсээгүй. Би нуухаар шийдсэн. Эцсийн эцэст би биш, тэр л харилцаагаа асуудалд оруулсан болохоор шударга байх, эсэх нь түүний сонголт шүү дээ". 

Вашингтон Д.С-д суурьшилтай сэтгэл судлаач Алисия Х.Кларк нууц амраг хууралтын тухай нууцыг дэлгэх зорилго нь юу вэ гэдгийг эхлээд бодох хэрэгтэй гэж зөвлөв. Хаягдсан, гологдсон үедээ нууц амрагууд амрагаа чадаж, дарамтлах байдлаар эрх мэдлийг эргүүлэн авахыг хүсдэг. Гэвч тэдний хүслээр болох нь ховор аж. "Эхнэр, нөхрөө хуурсаар байгаа хэрнээ хамт байгааг нь буруутгах сэтгэл нууц амрагт төрдөг. Харамсалтай нь асуудлыг дэлгэж тавьлаа гээд өөдөө хаясан чулуу өөрийнх нь толгой дээр буух нь олонтаа". 

Шорн одоо "Chump Lady" нэртэй блог эрхэлдэг. Тэр нууц амрагуудыг үнэнийг бүү нуу гэж захидаг. "Амрагаа гэр бүлтэйг нь үнэхээр мэдээгүй л бол та хэн нэгний эсрэг санаатайгаар муу үйл хийж байна гэсэн үг. Тиймээс энэ нүглийнхээ багахан хэсгийг нь буян болгож хууртаж байгаа хүнд нь үнэнийг нь хэлж өг". 

Нууц амраг явсан Роуз харин хүмүүсийг зорилгоо эхлээд тодорхойлохыг захижээ. Роуз "Хэрэв та эхнэр, эсвэл нөхөрт нь хов зөөснөөр амрагаа тань дээр бүрмөсөн ирнэ гэж бодож байгаа бол эндүүрч. Тийм зүйл болдоггүй, харин ч үнэнтэй нүүр тулсан хосуудын харилцаа улам бэхэждэг" хэмээлээ.