Онолбаатарын Анужин
10 сарын 27, 2026
БОУАӨЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг хангахад чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлт” салбар үйл ажиллагааг зохион байгуулж, дэд бүтцийн хөгжилд экологийн холбоос нутгийг хадгалан хамгаалах асуудал тусгахын ач холбогдлыг тэмдэглэжээ.
Энэ үеэр цагаан зээр, хулан, монгол бөхөн зэрэг нүүдэллэдэг зүйл амьтдын амьдрах орчныг хамгаалахаар тэдгээрийн нүүдлийн чухал коридорыг хадгалах, зэрлэг амьтдад ээлтэй гарц, гарам бий болгох, шинжлэх ухааны үндэслэлтэй дэд бүтцийн төлөвлөлтийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилтыг танилцуулсныг БОУАӨЯ мэдээлэв.
Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан, “Тогтвортой дэд бүтцийн хөгжилд байгальд суурилсан шийдлийг нэвтрүүлэх” санаачилга нь биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих чухал арга зам болохыг онцлон тэмдэглэжээ.
БОУАӨЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь бодлогын таатай орчин бүрдүүлэх, шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахыг дэмжих, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг урагшлуулахын төлөөх хамтын хүчин чармайлтаа дараагийн шатанд гаргах ёстой. “Дэд бүтцийн бүтээн байгуулалт нь эдийн засгийг дэмжихийн зэрэгцээ экологийн бүрэн бүтэн байдлыг тасалдуулах ёсгүй”-г манай улс онцолжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.