Нийгмийн янз бүрийн төлөөллийн дуу хоолойг олон нийтэд таниулах зорилгоор “Эмэгтэй эх сурвалжийн дата сан” бий болгох кампанит ажлыг “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл хамтран 2022 оны дөрөвдүгээр сард өрнүүлж байна. 

Дэлхийн хүн амын тэн хагасыг бий болгож буй эмэгтэйчүүдийг хэвлэл мэдээллээр гаргах, эш татах нь цөөн байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд санаачилга гаргаж эхэлсэн билээ.

Тухайлбал, БиБиСи /BBC/“50:50” төсөл, Блүүмберг телевиз “Шинэ дуу хоолой”, Интерньюс “Бодит байдлыг тусга” нэртэй хөдөлгөөн хэрэгжүүлж буй. Эдгээр сайн туршлагаас судалж, суралцаж, хамтран ажиллаж байгаагийн үндсэнд “Эмэгтэй эх сурвалжийн дата сан” аяныг зохион байгуулж байна.  

“Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-ний зохицуулагч Х.Номингэрэл “Бидний хувьд Эх сурвалж болъё! Дуу хоолойгоо өргөе! уриатайгаар аянд оролцож байна. 

Салбар бүрд олон нийтэд танигдаагүй ч ажил мэргэжлийн туршлагатай, манлайлагч эмэгтэйчүүд байдаг. Тиймээс тэднийг хэвлэлийн эх сурвалж болоход дэмжиж байна. Энэ хүрээнд өөрийн мэдлэг, туршлагаа хэвлэл мэдээллээр хуваалцах сонирхолтой эмэгтэйчүүдийн бүртгэл үүсгэж байна. Үүний дараагаар эмэгтэйчүүд хэвлэлд ярилцлага өгөхдөө юунд анхаарах тухай вебинар, сургалт зохион байгуулна” гэв.

Монголын хувьд телевиз, сонин, мэдээллийн сайт, радиогийн мэдээний дөрвөн эх сурвалж тутмын нэг нь эмэгтэй хүн байна. 

Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өнгөрсөн онд хийсэн контент анализын судалгааны үр дүн улс төрийн мэдээний арван эх сурвалж тутмын нэгийг л эмэгтэйчүүд бүрдүүлж байгааг харуулсан. 

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн зохицуулагч А.Амартүвшин “Сэтгүүлчдийн хувьд эх сурвалж маш чухал.Тиймээс “Эмэгтэй эх сурвалжийн дата сан” кампанит ажил нь тэдний ажил мэргэжилд үнэтэй хувь нэмэр орууна гэж итгэж байна. 

Олон эх сурвалжтай байх тусам асуудлыг олон ургальч байдлаас харахад тустай. Иймээс сэтгүүлчдийн оролцоо, манлайлалд тулгуурлан “Эмэгтэй эх сурвалжийн дата сан” 24 цагийн хакатон зохион байгуулахаар ажиллаж байна”. 

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл нь уг аянд “Эх сурвалжээ эрье! Дуу хоолойг нь хүргэе!” уриатайгаар оролцож байгаа юм. 

“Эмэгтэй эх сурвалжийн дата сан” хакатоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.